Улс төр
Кембрижийн их сургуулийн номын санд хадгалагдаж буй Монголын зарим түүхэн баримтыг хуулбарлан “Чингис хаан” музейд байршуулна
“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах, тус музейн үзмэрийн санг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Тулга энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Кембрижийн их сургуульд зочилж, Корпус христи коллежийн захирал Профессор Кристофер Келли, Паркер номын сангийн эрхлэгч Доктор Филиппа Хоскин, Монгол болон Өвөр Ази судлалын төвийн захирал Профессор Дэвид Снит нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Паркер номын санд хадгалагдаж буй Уильям Рубрукийн аялал болон Жон де Плано Карпинигийн аяллын тэмдэглэлийг үзэж сонирхон, эдгээр Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалжуудыг хуулбарлан авч, “Чингис хаан” монгол хаадын музейд байршуулах боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн Паркер номын сангийн зүгээс манай улсын Засгийн газарт тэмдэглэлүүдийн албан ёсны хуулбарын өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхөө мэдэгдээд байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам