Дэлхий
Тэмцэгч Грета Тунбэрг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас “хариугаа” авсан нь
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах ойртож, ерөнхийлөгч Дональд Трамп нэлээд бухимдалтай байгаа. Тэрбээр авсан төлөөлөгчийн саналын тоогоор өрсөлдөгч Жо Байденаас хоцорч яваа юм.
Шуудангаар илгээсэн сонгогчдын саналын хуудсыг тоолж эхэлснээр Байден үлдсэн гол мужуудад Трампыг ялах магадлалтай болоод байна.
Трамп шуудангаар авсан саналын тооллогыг хууль бус гэж үзээд зогсоохыг шаардаж байгаа. Саяхан Трамп твиттер хуудсандаа “STOP THE COUNT!” (Тооллогыг зогсоо!) гэж бичжээ.
Байгаль орчны төлөө тэмцэгч, швед охин Грета Тунбэрг энэ боломжийг ашиглан Трампаас “хариугаа” авсан байна. Тэрбээр Трампын мэдэгдэлд хариу бичихдээ “Инээдтэй юм. Дональд уураа барьж сураад найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэх хэрэгтэй! Тайвшир Дональд, Тайвшир!” гэжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дональд Трамп яг эдгээр үгсийг Гретад хандан бичиж байсан юм.
Грета 2019 оны есдүгээр сард НҮБ-ын чуулганы индэр дээрээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байгаа дэлхийн улс орнуудын удирдагчдыг “загнаж” алдаршиж байв.
Дараа нь арванхоёрдугаар сард тэр Time сэтгүүлийн оны хүн болж байжээ. Оны хүн болсных нь дараа Дональд Трамп твиттер хуудсандаа “Инээдтэй юм. Грета уураа барьж сураад найзтайгаа хамт хуучны сайхан кино үзэх хэрэгтэй. Тайвшир Грета, Тайвшир!” гэж өхөөрдөн бичиж байсан юм.
Эх сурвалж: Mashable