Нийгэм
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт болно.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худал ярьсан бол хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан юм.