Дэлхий

Жо Байден ялалтынхаа дараа юу хэлэв?

Нийтэлсэн

Дэлхийн тэргүүлэгч их гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-наас хойш үргэлжилж, бямба гарагт ялагч тодорлоо. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялах байсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290 санал авснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болов. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 төлөөлөгчийн санал авсан. Ийн АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн ялалтынхаа дараа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

  • Элэг нэгт америкчууд аа, бид улсынхаа түүхэнд анх удаа 74 сая иргэний санал авч итгэл дүүрэн ялалт байгууллаа. Надад итгэж  сонгосон та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би улс үндэстнээ  Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Надад  итгэсэн хүмүүсийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно.
  • Америкийн дэлхий дахин дахь нэр хүндийг хамгаалж, бүх үндэстнээ эх оронд нь нэгтгэнэ. Энэ үзэл баримтлалын минь төлөө олон сая Америк хүн саналаа өгсөн нь нэр төрийн хэрэг юм. Энэ алсын хараагаа хэрэгжүүлэх нь бидний даалгавар юм.
  • Өмнөд Азиас гаралтай цагаачийн охин Камала Харисс АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Цар тахлын үед санал тооллого, сонгуулийн штабт сайн дураараа ажилласан бүх хүн энэ үндэстний талархлыг хүртэх ёстой. Миний кампанит ажлын багийн хамт олонд би өртэй.
  • Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан, бие даагчид, залуу, хөгшин, гей, стрэйт, трансжендер, хот захын болон хөдөөгийнх, Ази, уугуул америкчууд гэсэн олон бүлгийн нэгдэл саналаа өгчээ.
  • Трампад саналаа өгсөн хүмүүс сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Би хоёр ч сонгуульд ялагдаж байсан. Тиймээс хатуу үг хэлэхээс татгалзаж, бие биедээ боломж олгоё. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш.
  • Вирусийг хяналтдаа авч, хөгжил цэцэглэлтийг бий болгох, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгах, шударга ёсны тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, шударга ёсыг сэргээж, ардчиллыг  хамгаалж, бүх иргэндээ шударга ёсыг бэлэглэх болно.
  • Бид ажлаа цар тахлыг хянахаас эхлүүлнэ. Учир нь вирусийг хяналтад авах хүртлээ эдийн засгаа сэргээж, хуучин амьдралдаа эргэн орж, хурим, төрсөн өдөр, төгсөлтийн баяраа тэмдэглэж, үр хүүхдүүдээ тэвэрч чадахгүй. Даваа гаригт бид Байден-Харрис хоёрын COVID-19-ийг хяналтдаа авах төлөвлөгөөг танилцуулж, энэ төслийг удирдах шинжлэх ухаанч, судлаачдын багийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос танилцуулна.
  • Би Ардчилсан намаас нэр дэвшсэн ч одоо бол АНУ-ын ерөнхийлөгч. Тиймээс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно. Бүгд найрамдах намынхныг хамтран ажиллахыг хүсэж байна. Үндэстнээ хөгжүүлэх боломж бидэнд бий. Бид үүнийг чадна.
  • Өнөө шөнө бүхэл бүтэн дэлхий Америкийг ажиглаж байна. АНУ бол дэлхийн хамгийн сайн гэрэлт цамхаг гэдэгт би итгэдэг. АНУ-ыг боломж гэдэг ганцхан үгээр тодорхойлж болно гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. Америк хүн бүрд мөрөөдлөө биелүүлэх боломжийг бурхан олгосон. Илүү эрх чөлөөтэй, илүү бүтээлч, хэзээ ч бууж өгдөггүй Америкийг бүтээе.

Б.Должинжав
Эх сурвалж: CNN

Exit mobile version