Дэлхий
Оросын армийн нисдэг тэргийг Азербайжаны тал санамсаргүй буудаж унагажээ
Арменийн нутаг дэвсгэрт нисэж явсан ОХУ-ын армийн Ми-24 нисдэг тэргийг Азербайжаны тал санамсаргүй буудаж унагаснаа Даваа гарагийн орой хүлээн зөвшөөрөөд албан ёсоор уучлал гуйсан байна.
Нисдэг тэрэгний багийн хоёр гишүүн алагдаж, нэг нь шархджээ. Армени-Азербайжаны хилийн шугамд тун ойрхон, харанхуйд, радарт мэдрэгдэхгүй нам өндөрт нисэж явсан тул алдаа гаргаснаа Бакугийн албаныхан тайлбарласан байна.
Энэ бүс нутагт Оросын нисдэг тэрэг өмнө нь ганц ч удаа үзэгдэж байгаагүй нь бас нэг шалтгаан болсон гэнэ.
Азербайжаны гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Эмгэнэлт явдалтай холбогдуулан Азербайжаны тал Оросын талаас албан ёсоор уучлал гуйж байна. Энэ бол санамсаргүй алдаа бөгөөд Оросын эсрэг санаатай үйлдсэн цохилт байгаагүйг баталж байна” гэжээ.
Тус улсын засгийн газар бас Оросын талд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө мэдэгдсэн байна.
Үүнээс гадна амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхэнд Азербайжаны засгийн газраас эмгэнэл илэрхийлжээ.
Армени, Азербайжан улсуудын хооронд маргаантай байдаг Уулын Карабахын нутагт есдүгээр сарын 27-ноос хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Арменийн нутагт цэргийн бааз нь байрладаг ч одоогоор ОХУ энэ мөргөлдөөнд шууд оролцоогүй байгаа юм.
Эх сурвалж: Russia Today