Дэлхий

Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчдийн олон улсын сүлжээг илрүүлж, 46 хүүхдийг аварчээ

Нийтэлсэн

Австралийн цагдаагийн газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хүүхдийн хүчирхийлэл үйлддэг олон улсын сүлжээтэй холбоотой 14 хүнийг баривчилж, 46 хүүхдийг аварчээ.

Тэдгээр хүүхдүүд бэлгийн дарамт болон бусад төрлийн мөлжлөгт өртсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааг мөн АНУ-д явуулсан бөгөөд Европ, Азийн улс орнууд, Канад, Шинэ Зеландаас сэжигтнүүдийг илрүүлжээ. Хохирогчид ой дөрвөн сартайгаас 15 хүртэлх насны хүүхдүүд байсан талаар Австралийн холбооны цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тэдгээрийн 16 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байжээ.

Баривчлагдсан 14 этгээдэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 828 хэрэг үүсгээд байна. Мөн уг хэрэгтээ дөрвөн амьтан ашиглажээ.

Шинэ Өмнөд Уэльс мужаас найман сэжигтнийг баривчилжээ

Эрх баригчдын мэдээлснээр олон улсын уг сүлжээ хохирогчдын зураг, бичлэгийг интернэтэд байршуулж байсан гэнэ. Хамгийн ноцтой үйлдэл гаргасан сэжигтэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс дэх хүүхдийн төвд ажилладаг байсан ба 30 хүүхэдтэй харилцах боломжтой байв. Сэжигтэн 27 настай тухайн эрэгтэйг 300 гаруй хэрэгт буруутгасан бөгөөд тэдгээр дунд бэлгийн хүчирхийлэл ч орж байгаа аж. Түүний хамтрагч болох 22 настай эрэгтэйд мөн хэрэг үүсгээд байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр уг хэргийн талаар тус төвд хамрагддаг хүүхдүүдийн эцэг эх анх мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард баривчлагдсан 30 настай эрэгтэй

АНУ-ын мөрдөгчид Австралийн интернэт хэрэглэгчдийн талаар мэдэгдсэний үр дүнд уг мөрдөн шалгах ажиллагаа жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард 30 настай эрэгтэйг Сиднейгээс холгүй орших хотоос баривчилжээ. Түүний эсрэг нийт 89 хэрэг, тэр дундаа хоёр хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Түүнчлэн сэжигтнүүдийн дунд 20-48 насны хөл бөмбөгийн дасгалжуулагч сайн дурын ажилтан, цахилгаанчин, тогооч, супермаркетийн ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг хүмүүс байгаа аж.

“Эдгээр хүмүүс хохирогчдын сэтгэл зүй  болон бие махбодид удаан хугацааны хүнд гэмтэл үүсгэж болохыг огт бодолцолгүйгээр хүүхдүүдийг хүчирхийлж буй материалуудаа бэлтгэж байсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэж Австралийн цагдаагийн газраас мэдээлжээ.

“Гэр бүлийнх нь гишүүд ч бай, хүүхэд асардаг хүмүүс ч бай, хөл бөмбөгийн дасгалжуулагч ч бай… Нэг ч хүүхэд  хүчирхийлэлд өртөх ёсгүй” гэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version