Эрүүл мэнд

74 настай иргэний бэр, ач хүүхдийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Нийтэлсэн

Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон.

Тэгвэл тус иргэний нэгдүгээр хавьтагчид буюу хамт амьдардаг бэр болон ач хүүхдийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ. Бэр нь 35 настай бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, дэлгүүрүүдээр явсан, хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Тус тоглоомын талбайгаар үйлчлүүлсэн 67 хүүхдүүд мөн байгаа ба эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлжээ. Мөн дам хавьтагчдыг илрүүлж тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.

Иргэн амны хаалттай явсан хэмээж байгаа ч хяналтын камерт амны хаалтгүй явж байгаа дүр зургууд байгаа аж. Одоогоор гэрт нь тусгаарласан байгаа ба удахгүй ХӨСҮТ рүү шилжүүлнэ гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Халдвартай иргэн тус аймагт зорчсон учир Дархан-Уул аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоон, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа 95 хувь болгон бууруулж, дэглэмийг улам чангатгана” хэмээсэн.

Exit mobile version