Нийгэм
Хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор УОК-оос хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээврээс бусад үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.
Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулан, цөөнгүй хүн тоглуулж байсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар ажиллаж, 10 гаруй хүн тус газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
Мөрийтэй тоглоом тоглож байсан “И”, “Х”, “Т” нарын бүлэг этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тоглож байсан хүмүүс дунд олны танил хүмүүс байсныг эх сурвалжууд хэлж байна.
Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэсэн зүйлчлэлээр хариуцлага хүлээлгэх юм байна.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.