Энтертайнмент
Кайл Дейк: Барроузыг мулталж, олимпод явна
Энэ сарын 14-нд АНУ-ын Техас мужийн Остинд болсон чөлөөт бөхийн шоуны гол барилдаанд олимпын аварга (2012, Лондон), дэлхийн дөрвөн удаагийн аварга, Панамерикийн наадмын гурван удаагийн аварга Жордан Барроуз NCAA лигийн хошой аварга, идэрчүүдийн ДАШТ-ий медальт Захид Валенсиятай барилдаж, 8:5 ялсан.
Энэ барилдааныг хамгийн их сонирхон үзэж байсан нь 79 кг-ийн жингийн дэлхийн хошой аварга Кайл Дейк, 86 кг-ийн дэлхийн аварга Дэвид Тейлор хоёр байсан гэхэд болно.
Кайл Дейк Токиогийн олимпын шигшээ багт багтахын тулд Барроузын 74 кг-ийн жинд шилжинэ гэж ярьж байлаа. Гэвч сүүлийн үед Барроуз жин ахиж, 86 кг-д барилдах болсон гэсэн яриа гарсан. Олимпын аварга ч ярилцлагадаа энэ яриаг үгүйсгээгүй билээ. Хэрэв жин ахих юм бол тэр Тейлортой өрсөлдөх болно.
Барроуз жин ахих бол Кайл Дейкэд ашигтай, олимпын багт ороход амар хялбар болно. Гэтэл Кайл “Хэрэв Барроуз 86 кг-д орох юм бол би ч гэсэн адилхан 86-д барилдана” гэж мэдэгдсэн нь бөх сонирхогчдын гайхлыг төрүүлсэн юм. Урьд нь АНУ-ын олимпын багт орохын төлөө өрсөлдөөд Барроузод ялагдаж байсан Кайл энэ удаа тэр цагаас хойш сайжирсан, хариугаа авахад бэлэн гэдгээ харуулахаар шийдсэн бололтой. Шинжээчид Кайлын энэ мэдэгдэлд ихэд эргэлзсэн. Учир нь олимпод оролцох зорилгоо өөрөө санаатайгаар хүнд хэцүү болгоод байдаг хүн гэж байх уу. Хэчнээн Барроузаас хариугаа авах хүсэлтэй байсан ч гэсэн 4 жилд нэг болдог олимп шүү дээ.
Дэвид Тейлор ч Жорданд шигшээ багийн суудлын төлөө өрсөлдөөд ялагдаж байсан бөх. Хэрэв энэ гурав нэг жинд олимпын эрхийн төлөө өрсөлдвөл юу болох вэ гэдэг сонирхолтой.