Улс төр

Ази, Номхон далайн бүсийн 15 улс дэлхийн хамгийн том худалдааны гэрээг байгууллаа

Нийтэлсэн

Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлэгч 15 улс өчигдөр дэлхийн хамгийн том худалдааны гэрээг байгууллаа.

RCEP (Regional Comprehensive Economic Partnership) нэртэй уг гэрээнд ASEAN-ы гишүүн зүүн өмнөд Азийн 10 орноос гадна Өмнөд Солонгос, Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд улсууд нэгджээ.

Уг гэрээг байгуулснаар Ази, Номхон далайн бүс нутагт Хятад улсын хүч нөлөө улам нэмэгдэж байгаа юм. Барак Обамагийн засаг захиргааны үед Trans-Pacific Partnership (TPP) худалдааны гэрээг энэ бүс нутгийн 12 орон байгуулахад АНУ оролцож байв.

Харин сүүлд 2017 онд ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гэрээнээс АНУ-ыг гаргаснаар үүссэн хоосон орон зайд RCEP гэрээ байгуулагдаж байна.

RCEP-ийн санаа анх 2012 оноос эхлэн яригдсан ба өчигдөр буюу Ням гарагт Вьетнам улсын засгийн газраас зохион байгуулсан ASEAN-ы виртуал чуулганы үеэр эцэслэн баталжээ.

“Найман жилийн хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр бид RCEP гэрээг албан ёсоор баталж байгааг дуулгахад таатай байна” гэж Вьетнамын ерөнхий сайд Нгуэн Шуан Пук мэдэгджээ.

Энэхүү хамтын ажиллагаа коронавирусийн цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй гэж оролцогч талууд үзэж байна.

Хятадын ерөнхий сайд Ли Көчянь RCEP-ийг “олон талт харилцаа, чөлөөт худалдааны ялалт” гэж тодорхойлжээ. Энэтхэг улс хэлэлцээ хийх шатанд оролцож байсан ч гаалийн татварыг бууруулбал өөрийнх нь дотоод үйлдвэрлэгчдийн бизнест сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн онд гарсан юм.

Гэрээ байгуулсан орнууд Энэтхэг улс буцаж нэгдэх боломж нээлттэй байгааг мэдэгджээ.

RCEP-ийн гишүүн орнуудын хүн ам дэлхийн хүн амын гуравны нэг орчмыг бүрдүүлдэг бол дэлхийн эдийн засгийн 29 хувь орчмыг бүрдүүлдэг.

Шинэ гэрээ нь АНУ-Мексик-Канадын худалдааны гэрээ болон Европын Холбооны худалдааны гэрээнээс ч том юм.

RCEP-ийн гишүүн орнууд ирэх 20 жилийн дотор олон төрлийн импортын татварыг устгах зорилт тавьжээ. Мөн оюуны өмч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, электрон худалдаа зэрэг эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах зорилт тавьсан байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version