Дэлхий
9.11-ний халдлага, SARS-ын дараа өмнөхөөс илүү олон хүүхэд мэндэлсэн нь дарга нарт таалагдсангүй
2001 оны 9 сарын 11-ний халдлагыг дэлхий нийт бүгдээрээ мэднэ. Тэгвэл уг халдлагын дараах 10 сараас 1 жил хагасын хугацаанд АНУ-ын хүн ам мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн болохыг зарим хүмүүс баталдаг.
Тухайн үед бид бүхний сайн мэдэх Америкийн хамгийн том хэвлэл мэдээллийн агентлагт дадлагажигч сурвалжлагч хийж байсан Майкл Эндрю Таун энэ талаар багагүй цаг хугацаа гарган явж, судалсан нэгэн юм. Гэвч тус агентлагийн холбогдох албан тушаалтнууд түүний цаг заваа зориулан байж хийсэн сурвалжлагыг олон нийтэд түгээхээс татгалзсан гэнэ. Эндрюгийн баталж буйгаар Нэгдсэн Улсын нэлээд хэдэн муж, ялангуяа халдлага болсон Нью-Йорк болон түүний дагуул хэд хэдэн жижгэвтэр хотын хүн ам мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн аж.
“Үүнд Вашингтон DC, Лос-Анжелес, Сан Франциско, Денвер, Чикаго зэрэг томоохон хотуудыг нэрлэж болно. Би эдгээр хотуудын нэг бус эмнэлэг дээр очиж, террорист халдлага гарсны дараах 9 сараас нэг жил хагасын хугацаанд шинээр төрсөн хүүхдүүдийн судалгаатай өөрийн биеэр танилцсан. Гэвч харамсалтай нь террорист халдлагын дараа Америкийн хүн ам ийнхүү өсч байгаа явдал эрх баригчдад, албан тушаалтнуудад таалагдаагүй учраас тэд миний бэлтгэсэн мэдээллийг ил гаргахыг хориглосон” хэмээн Эндрю Таун Оросын мэргэжил нэгт сэтгүүлчдэд ярьсан байна.
Яагаад америк эхчүүд тэр аймшигт халдлагын дараа ийнхүү олноороо хүүхэд төрүүлэх болсон шалтгааныг тус улсын эх баригч эмч нар АНУ-ын олон муж, хотуудад онц байдал зарлаж, айдас хүйдэстээ автсан иргэд удаан хугацаагаар гэрээсээ гаралгүй бүгэцгээсэнтэй холбон тайлбарладаг аж.
“Гэртээ хийх ажилгүй зүгээр сууцгааж байгаа хосуудын сексийн харилцааны давтамж нь террорист халдлагын өмнөх ердийн өдрүүдээс илүү нэмэгдсэн гэдэг үгээр үүнийг тайлбарлаж болно” хэмээн Колорадо мужийн Денвер хотын төрөх эмнэлгийн эмч, эх барих анагаах ухааны доктор, Морис Уильямс, Эндрюд ярьжээ.
Эндрю ганц Денвер төдийгүй Америкийн хэд хэдэн хотын арав гаруй эмнэлгийн үүдийг сахисны эцэст сонирхол татахуйц судалгааг гартаа оруулж. Түүний баталж буйгаар Нью-Йорк хотын африк гаралтай иргэд амьдардаг захын нэг жижгэвтэр дүүрэгт гэхэд халдлага болсноос хойш жил хагасын дотор төрсөн хүүхдийн тоо өмнөх он жилүүдийнхээс 1,60 хувиар илүү байжээ. Ийм маягаар төрөлтийн статистик өссөн газруудын тоонд баруун эргийн муж, хотууд илүүтэй давамгайлж байсан гэнэ.
Эндрютэй санал нэг мэргэжлийн хүмүүс ч Америкт нэг бус бий. Тэдний нэг болох Стэнфордын их сургуулийн судлаач Жон Макфестер “Халдлагын дараах нэг жилээс жил хагасын дотор манай улсад төрөлт өмнөх он жилүүдээс мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн. Гэвч үүнийг албан ёсны статистик судалгаанд зориуд санаатайгаар нуун дарагдуулсан юм шиг надад санагддаг. Тухайлбал 2000 онд Нэгдсэн Улсын хэмжээнд 4 сая 58000 шинэ иргэн мэндэлсэн атлаа 2001-2002 онуудад энэ тоо буурсан байдалтайгаар албан ёсны статистикт тусгагдсан байдаг. Томоохон муж, хотуудын эх барих эмч нар төрөлт нэмэгдэж байгааг илт анзаарчихаад байхад албан судалгаанд ингэж буурч мэдээлэгдсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй. Зарим албаны хүмүүс ингэж буурч мэдээлэгдсэн шалтгааныг Америкийг зорих цагаачдын урсгал халдлагын дараа багассан гэхчилэнгээр тайлбарладаг ч би үүнтэй санал нийлэхгүй” хэмээн ярьж байна.
Тэгвэл үүнтэй ижилхэн шинээр төрсөн хүүхдийн тоо нэмэгдэх үзэгдэл 2003 онд БНХАУ-д SARS-ын халдвар дэгдсэний дараа мөн адил ажиглагджээ. Тухайн оны сүүлээр болон 2004 оны эхээр тус улсын томоохон хотууд болох Бээжин, Гуанжоу, Шанхай зэрэгт шинээр хорвоод мэндлэгсдийн тоо илт анзаарагдахуйц хэмжээнд нэмэгдсэн аж. Гэвч АНУ-ын эрх баригчдын нэгэн адил Хятадын албаны хүмүүс энэ үзэгдэлд тун дурамжхан хандсан тул албан ёсны судалгаанд төрөлтийн тоог бас л дарж мэдээлэх болжээ.
Америк эмч Морисын мэргэжил нэгт нанхиад эмч Киу Ланфений баталж буйгаар түүний хариуцсан Гуандун мужийн томоохон эмнэлэгт жирэмсний хяналтад орохоор ирсэн эмэгтэйчүүдийн тоо 2003 оны сүүл, 2004 оны эхээр нэмэгдсэн гэнэ. Гуандун муж бол SARS-ын халдвар эхэлж дэгдсэн газар гэдгийг олон хүн санаж байгаа биз ээ. Тус мужийн томоохон хотуудад тэр он жилүүдэд онц байдал зарлаж, эрх баригчид ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байв.
“Хэдийгээр БНХАУ тэр үед Нэг гэр бүл-Нэг хүүхэд бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байсан ч анхны болон хоёр дах хүүхдээ SARS-ын онц байдал зарласан өдрүүдэд хэвлийдээ олсон олон хятад эмэгтэйчүүдийг би болон манай эмч нар эх барьж авсан юм шүү” гэж Киу эмч Dailymail-ийн сурвалжлагчид 2010 онд тэтгэвэрт гарсныхаа дараа ярьжээ.
Үүнтэй төстэй үзэгдэл Дэлхийн II дайны дараах Европ, Америкт гарч байсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 1950-иад оноос АНУ, Европт шинээр хүүхэд төрүүлэх уралдаан зарлачихсан юм шиг л төрөлтийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд тэр цаг үеэс эхэлж төрсөн хүүхдүүдийг Baby Вoomer-үүд хэмээн нэрлэдэг билээ. Чухам энэ Baby Boomer-үүд нь өнөөгийн Z үеийнхний өвөө, эмээ нар гэж хэлж болно. Эцэст нь хэлэхэд корона вирусээс айж, гэрээсээ гарахгүй бүгэж байгаа энэ өдрүүдэд хэчнээн хятад эхчүүдийн хэвлийд шинэ цагийн альфа үеийн бэби нар бойжиж эхэлж буйг хэн ч мэдэхгүй шүү дээ. Учир нь яг энэ вирус шиг олныг хамарсан онц байдал, хорио цээрийн дараа нялх baby-үүдийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсдөг гэдгийг дээрх хүмүүсийн яриа бэлхнээ баталсаар л. Гэхдээ мэдээж эрх баригчид энэ мэт үзэгдэлд яагаад дурамжхан ханддаг шалтгааныг бичих нь илүүц биз ээ.
Эх сурвалж: Правда, Известия, NYTimes, Dailymail.co.uk