Дэлхий

Канад улс илүү гарсан Covid-19 вакцинаа ядуу буурай орнуудад хандивлах асуудлаар ярилцаж эхэлжээ

Нийтэлсэн

Судлаачдын тооцоолсноор Канад улс нь нэг хүнд хамгийн олон тун коронавирусийн эсрэг вакцин ноогдох хэмжээний худалдаж авах гэрээг эм үйлдвэрлэгчидтэй байгуулаад байгаа гэнэ.

Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байгаа ажээ. Хэдийгээр өнөөдөр ганц ч вакцин хэрэглээнд нэвтрэх хэмжээнд хүрээгүй байгаа ч баян чинээлэг орнууд бэлэн болмогц нь түрүүлж худалдаж авах олон тэрбумын дүнтэй гэрээг байгуулаад байгаа.

Үүнээс болоод дэлхийн бүх улс орнуудад вакциныг тэгш хүртээх тухай асуудал яригдах болсон.

Канадын засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр тус улс илүүдэл вакцинаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаар дамжуулан ядуу буурай орнуудад хандивлах талаар ярилцаж байгаа гэнэ.

ДЭМБ-ын дэргэд ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авахад нь туслах зорилготой COVAX хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа юм.

COVAX-ийн эх сурвалж Канадын засгийн газартай хандивын вакцины асуудлаар ярилцаж байгааг бас баталсан байна.

Одоогоор уг яриа хэлэлцээг нууцалж байгаа тул эх сурвалжууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэ долоо хоногийн Даваа гарагт болсон парламентын байнгын хорооны хуралдааны үеэр Канадын бэлтгэн нийлүүлэлтийн дэд сайд Билл Мэттьюс хэлэхдээ “хэрвээ гэрээ байгуулсан бүх долоон үйлдвэрлэгчийн вакцины төсөл амжилттай болвол илүүдэл вакцинаа өөр бусад улс орнуудад хандивлах хувилбар байх боломжтой” гэж мэдэгдсэн юм. Гэхдээ тэр энэ талаар төлөвлөхөд хэтэрхий эрт байгааг хэлжээ.

Өнөөдрийн байдлаар Pfizer/BioNTech болон Moderna компаниудын бүтээж буй вакцины сүүлчийн шатны туршилтын үр дүн гараад байгаа. Канад улс эдгээр компаниудаас хамгийн багадаа тус бүр 20 сая тун вакцин авах гэрээг байгуулсан ажээ.

Саяхан Европын Холбооны удирдлагууд мөн өөрийн гишүүн орнуудад илүүдэл вакцинаа дундаас доош орлоготой улс орнуудад хандивлах боломжийг судлах чиглэл өгсөн тухай мэдээлэл тарсан байна.

COVAX хөтөлбөрийнхөн 2021 оны сүүлч гэхэд хоёр тэрбум тун вакциныг ядуу буурай орнуудад тараах зорилт тавьжээ.

Гэхдээ энэ зорилгыг гүйцээхэд $5 тэрбумын санхүүжилт шаардлагатайгаас одоогийн байдлаар $2 тэрбумын хөрөнгө цуглуулаад байгаа гэнэ.

Уг зөрүүний зарим хэсгийг баян чинээлэг орнуудаас өгөх хандиваар нөхөхөөр төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version