Дэлхий
Трампын Засаг захиргаа Байдены талд ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарлажээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болсноос хойш Дональд Трампын Засаг захиргаа анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены талд ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарлажээ.
Тус улсын Захиргааны ерөнхий асуудлыг хариуцсан хэрэг эрхлэх газрын тэргүүн Эмили Мёрфи сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд захидал илгээж, ажил хүлээлцэх үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр энэ үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлж байгаагаа хэлсэн ба Цагаан ордноос түүнд ажил хойшлуулахад чиглэгдсэн ямар нэг дарамт шахалт ирээгүй гэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Трамп Твиттертээ “Бидний ажил тууштай үргэлжилж байна, тэмцлийг үргэлжлүүлэх болно, бид ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн хэдий ч “Би Эмили болон түүний багт шаардлагатай бүхнийг хий” гэж хэлсэн тухайгаа бичжээ. Үүнээс олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд Трамп Засаг захиргааны албан тушаалтнууддаа Байдены талтай ажлаа хүлээлцэхийг зөвшөөрсөн гэж дүгнэж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 12-ны дотор АНУ-ын муж тус бүрийн сонгуулийн үр дүнг албан ёсоор зарлах ёстой. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессийн дээд, доод танхим хамтарсан хуралдаанаараа сонгогчдын төлөөллийн саналыг баталгаажуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны өдөр ялалт байгуулсан Ерөнхийлөгч тангараг өргөх юм.
Эх сурвалж: CNN