Дэлхий

АНУ түүхэндээ анх удаа эмэгтэй сангийн сайдтай болох гэж байна

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден засгийн газрынхаа бүрэлдэхүүнд ажиллах хүмүүсийг нэрлэж эхэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тэр сангийн сайдын албан тушаалд туршлагатай санхүүч Жанет Йелленийг нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол АНУ-ын 231 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн сангийн сайдын албан тушаалд томилогдох юм.

Одоо 74 настай Йеллен нь конгресст төдийгүй Уолл стритэд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай бодлого боловсруулагч. Тэрбээр 2010-2014 онд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны дэд ерөнхийлөгч, 2014-2018 онд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ.

Йелленийг томилох тухай мэдээ тарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өссөн байна. Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засаг доройтсон энэ үед түүнийг хамгийн сайн сонголт гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Цар тахлын гамшигт нэрвэгдсэн АНУ-ын эдийн засгийг тэтгэх хоёр дахь хөтөлбөрийн санал конгресс дээр гацаад байгаа. Улс төрийн хоёр намтай, бас Холбооны Нөөцийн банктай ойлголцож, гацсан хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах хүн гэж түүнийг үзэж байна.

Нью Йоркийн Брүүклин дүүрэгт эмч, бага ангийн багш хоёрын гэр бүлд мэндэлсэн Йеллен эдийн засгийн ухааны докторын зэргийг Йелийн их сургуулиас хүртэж, Калифорнийн, Берклийн, Харвардын их сургуулиудад эдийн засгийн онол зааж байжээ.

Өчигдөр Жо Байден туршлагатай дипломатч Энтони Блинкенийг төрийн нарийн бичгийн даргын суудалд томилохоор сонгосон байна. Ингэснээр түүний засаг захиргаа Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоос татгалзаж, глобалчлалыг дэмжсэн бодлого баримтлах нь тодорхой болжээ.

Мөн ерөнхийлөгч Барак Обамагийн үед төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керриг уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр сонгосноо Байден зарласан байна.

Жо Байден засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг ирэх долоо хоногт албан ёсоор зарлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version