Дэлхий
Франц улс хөл хориог гурван үе шаттайгаар сулруулна
Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон хөл хориог гурван үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тэрбээр иргэдэд хандаж хийсэн мэдэгдэлдээ “Бид дахин хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй байхад чиглэсэн өөрсдөөс хамаарах бүх зүйлээ хийх ёстой. Вирусийн хоёрдугаар давлагааны оргил үеийн ард гарсан боловч иргэн бүр онцгой шаардлагагүй нөхцөлд гадагш гарахгүй байх шаардлагатай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Хөдөлгөөн хязгаарлалтыг сулруулах нэгдүгээр шат буюу 2020 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн амин чухал хэрэгцээний бус бараа /хувцас г.м/ худалдаалах худалдааны төвүүдийг нээх, 20 километрийн тойрогт 3 цаг дотор салхилах, дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрөхөөр /гадагш гарах бичиг хэвээр үйлчилнэ/ болжээ.
Хоёрдугаар шат буюу 12 дугаар сарын 15-наас эхлэн өдрийн вирусийн шинэ тохиолдол 5000-аас хэтрээгүй, эрчимт эмчилгээний орны багтаамжийн дүүргэлт 3000-аас доош байгаа нөхцөлд нийтийн хөдөлгөөн хязгаарлалтыг цуцалж 21.00-07.00 цагаар хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ явуулах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэх хэлбэрээр кинотеатр, театр, музейг нээхээр төлөвлөж байна.
Гуравдугаар үе шат буюу 2021 оны 1 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн дээр дурдсан өвчний тархалтын үзүүлэлтүүд хэвээр хадгалагдаж байвал кафе, ресторан, спорт заалыг нээхээр төлөвлөж байна. Вакцины тухайд 12 дугаар сарын сүүл, шинэ оны эхний сараас эхлэн илүү эрсдэлтэй бүлэгт хийж эхлэх бөгөөд цаашид вакцинжуулалтыг түргэтгэх ба энэ сайн дурын үндсэн дээр байна гэв.
Франц Улсад 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар вирусийн халдвар авсан шинэ тохиолдол 9155 /нийт 2153815/, нас баралтын тоо 1005 /нийт 50237/ болж нэмэгдсэн байна.