Дэлхий

Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэж хоёр улсын харилцаа сайжрахад анхаарахыг хүслээ

Нийтэлсэн

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргэж “хоёр улс цаашид хамтран ажиллана гэдэгт найдаж буй”-гаа илэрхийллээ.

Ши Жиньпин баярын мэндчилгээндээ “Хятад Америкийн хооронд дахь найрсаг, тогтвортой харилцаа нь олон улсын хамтын нийгэмлэг, байгууллагуудын нийтлэг хүлээлт юм. Иймд хоёр улс зөрчил мөргөлдөөнгүй, харилцан нэгнийгээ хүндэтгэж, аль аль талдаа ашигтай хамтран ажиллахад анхаарлаа хандуулна гэж найдаж байна” хэмээжээ.

АНУ болон БНХАУ хоорондын харилцаа технологи, худалдаа, Хонконг, Тайвань, Шинжаан болон коронавируст цар тахлын улмаас сүүлийн арван жилийн хамгийн хурцадмал үедээ ирээд буй. Трампын Засгийн газар Хятадын эсрэг маш олон хориг арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнд технологийн компаниуд хамгийн ихээр өртөж байна.

Байдены Засгийн газар гарах үед хоёр улсын харилцаа сайжрах магадлалтай ч Ардчилсан нам сонгуулийн үеэр Хятадын хүний эрхийн байдлын талаар шүүмжлээд амжсан. Хятадын Шинжаанд явуулж буй үйл ажиллагааг “геноцид” буюу үндсээр нь устгах явдал хэмээсэн ба Байден Ши Жиньпинийг “гэмт хэрэгтэн” гэж хэлсэн удаатай.

Exit mobile version