Нийгэм

Д.Сумъяабазар: Хөл хориог ямар зохицуулалтаар СУЛРУУЛАХ тооцоолол дээр ажиллаж байна

Нийтэлсэн

Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл тогтоосон хөл хориог ямар зохицуулалтаар сулруулах тооцоолол дээр нийслэлийн зүгээс ажиллаж байгаа болохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Тэрбээр өчигдөр Баянзүрх дүүрэг дэх Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажилласан. Энэ үеэрээ “Өдрийн орлогоор амьдардаг дугуй засварын газар ажиллуулдаг, жижиг оёдлын цех ажиллуулдаг, такси үйлчилгээ эрхэлдэг гээд олон хүний амьдрал хөдөлгөөний зохицуулалттай холбоотой хязгаарлалтад ороод байна. Өдрийн орлогыг дэмжих үүднээс ямар байдалтай, ямар зохицуулалтаар хөл хорионы дэглэмийг сулруулах вэ гэсэн тооцооллыг манайхан хийж байна. Гарцаагүй дэмжих ёстой хүнсний талонд хамруулах ажлыг хийхээр ажиллаж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгасан.

Ингэхдээ арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нийтийн тээврийг ямар зохицуулалтаар явуулах асуудлыг судлаач эрдэмтдийн тооцоо судалгаа болон иргэдийн санал дээр үндэслэж, УОК-т танилцуулна гэсэн байр суурьтай байна гэдгээ хэлсэн юм.

Мөн иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал гэдгийг онцолжээ.

Exit mobile version