Covid-19
Оксфордын вакцины туршилтын үр дүн эргэлзээтэй боллоо
Энэ долоо хоногийн Даваа гарагт Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилтын үр дүнг нийтэд танилцуулсан билээ.
Туршилтаар шинэ вакцин нь 70 хувийн үр дүнтэй дархлаа тогтоож байгааг зарласан юм. Оксфордын тайланд өгүүлснээр туршилтыг хоёр горимд явуулсан бөгөөд горим тус бүрийн үр дүн өөр өөр гарсан байна.
Эхний бүлэг сайн дурынханд сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан гэнэ. Дараа нь цөөн тооны өөр бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ.
Сонирхолтой нь хагас тунтай горим анхнаасаа төлөвлөгөөнд байгаагүй, хэмжилтийн алдаанаас санамсаргүй гарч ирсэн аж.
Гэвч вакцин бүтээгчид үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гээд дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарласан байна.
Үүнээс гадна 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэл насныхан оролцсон нь ил болжээ.
Энэ мэдээлэл задарсны дараа Британийн AstraZeneca компанийн хувьцааны үнэ Лондон хотын хөрөнгийн бирж дээр 6 гаруй хувиар унасан байна.
Өмнө нь вакцины туршилтаа дуусгаад байгаа Pfizer/BioNTech, Moderna компаниудын үр дүн 90-ээс дээш хувьтай гарсан юм. Өчигдөр эдгээр копаниудын хувьцааны үнэ тус бүр 6, 14, 11 хувиар өссөн байна.
Зарим судлаачид Оксфордын вакцин ийм эргэлзээтэй үр дүнтэй байгаа тохиолдолд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авч чадахгүй гэж дүгнэжээ.
Pfizer компанийн судалгаа хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч асан Жон Ламаттина “Ердөө 2,300 хүн дээр амжилттай туршигдсан вакцинд АНУ-ын эрх баригчид яаралтай горимоор зөвшөөрөл олгоно гэдэгт би итгэхгүй байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Санамсаргүй тохиолдлоор хийсэн хагас тунтай туршилтад ердөө 2,300 хүн оролцсон юм.
Оксфордын их сургууль туршилтын үр дүнд алдаа гарсныг хүлээн зөвшөөрөөд эрх баригчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
AstraZeneca компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сориот вакциных нь туршилт үр дүнтэй болсныг батлан харуулахын тулд нэмэлт судалгаа хийж, үр дүнг нь танилцуулахаар бэлдэж байгаагаа өчигдөр Блүүмбэрг сувагт ярьсан байна.
Хэрвээ АНУ-ын засгийн газар Оксфордын вакцинд зөвшөөрөл олгохоос татгалзвал сүүлчийн шатны туршилтаа дахин зохион байгуулах хэрэгтэй болж магадгүй юм.
Эх сурвалж: Financial Times