Дэлхий
Вакцинд хамрагдаагүй бол ОНГОЦООР ЗОРЧИХОД хүндрэл үүснэ
Жон Хопкинсын Их сургуулийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нийтдээ 58.8 сая хүн коронавирусээр өвчилж, 1.3 сая хүн энэхүү халдварт тахлын уршгаар хорвоог орхиод байна. Коронавируст халдварын нөхцөл байдал зарим улс орнуудад ямархуу явц, өрнөлтэй байгааг тоймлон хүргэе.
Британийн вакцины үр дүнг 70-90 хувь хэмээн үнэллээ
Оксфордын Их сургууль болон AstraZeneca компани хамтран бүтээсэн вакцины үр дүн одоогоор 70 хувьтай байгаа аж. Энэ нь 95 хувийн үр дүнтэй Pfizer ба Moderna, 92 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон “Спутник V” вакцинуудтай харьцуулбал төдийлөн амжилттай бус гэж болохоор. Гэвч Британийн вакцинд давуу талууд олон байгаа аж. Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд, бас хадгалалтын онцгой нөхцөл шаардагдахгүй учраас дэлхийн аль ч өнцөг буланд хүргэх бүрэн боломжтой юм байна. Мөн Оксфордын Их сургуулийн энэхүү вакцин ахмад настай хүмүүст ихээхэн найдлага төрүүлэхүйц үр дүнг хоёрдугаар шатны туршилтынхаа үед харуулжээ. Вакцины тунгаас хамаарч үзүүлэх үр дүн нь 62-90 хувьд хэлбэлзэж байгаа бөгөөд хоёр дараалж өндөр тунгаар тариулахад 62 хувийн дархлаа тогтож байсан бол эхлээд бага, дараа нь өндөр тунгаар тарихад 90 хувь болж үр дүн нь нэмэгдэж байжээ. Одоогоор эрдэмтэд яагаад тунгийн хэмжээ дархлаа тогтоход нөлөөлж байгааг эцэслэн тайлбарлаж чадаагүй байна. AstraZeneca компани оны сүүлч гэхэд Британи улсад зориулан вакцины дөрвөн сая тун, 2021 оны хавар гэхэд 40 сая тун, дэлхийн бусад улс орнуудад зориулан гурван тэрбум тунг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд зохицуулагчид түүний аюулгүй байдал, үр дүн, үйлдвэрлэлийн стандартыг батламжилсны дараа вакцинжуулалт эхлэх юм байна.
Англи дахь хөл хориог гурван шатлалт системээр солино
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ өвөл тус улсад үйлчлэх хорио цээрийн дэглэмийн төлөвлөгөөний тухай өнгөрөгч даваа гарагт танилцуулжээ. Одоогоор тус оронд хөл хорионы дэглэм арванхоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хөл хориог цуцалсны дараа дэлгүүр, спорт танхимууд нээгдэх аж. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан намар Англид гурван түвшинт хөл хорионы хязгаарлалт бүс нутгуудад үйлчилж байжээ. Харин хязгаарлалтын өвлийн хувилбар илүү чанга байх бөгөөд гурван түвшин тус бүрд ямархуу шаардлагууд тавигдах талаар пүрэв гарагт дэлгэрэнгүй мэдээлэх юм байна. Шинэ төлөвлөгөөний зах зухаас сонирхуулахад, хамгийн өндөр буюу аюулын гурав дахь түвшин үйлчлэх бүс нутагт паб, ресторан ажиллахгүй бөгөөд харин хоёр дахь түвшний нутаг районд хоолоор үйлчилдэг пабууд нээгдэн сүүлийн захиалгаа 22 цаг хүртэл аваад, 23 цагт үйлчлүүлэгчдээ гаргах ёстой. Аюулын гурав дахь түвшин бүхий районуудад Ковид-19-ийн бүх нийтийг хамарсан оношилгоо явагдах бол хамгийн бага түвшинт бүс нутагт дөрвөн мянгаас ихгүй оролцогчид бүхий спортын арга хэмжээнүүд зохиогдох боломжтой аж.
Qantas-ын зорчигчид вакцин заавал хийлгэсэн байх шаардлагатай
Австралийн Qantas Airlinies авиакомпанийн тэргүүн Алан Жойсын үзэж буйгаар, улс орнуудын хооронд аялахыг хүсэж буй хүн бүхэн коронавирусээс хамгаалах вакцин хийлгэсэн тухай тодорхойлолтоо заавал шалгуулах ёстой аж. Энэхүү зарчмыг Qantas баримтлах бөгөөд бусад компаниуд ч мөн дэмжинэ гэдэгт тэрбээр найдаж буйгаа онцлон тэмдэглэжээ. “Зорчигчдод зориулсан дүрэм журмын өөрчлөлтөд бид анхаарлаа хандуулж, жишээ нь, гадны улс орон руу зорчих хүмүүс олон улсын нислэгээс өмнө вакцинд заавал хамрагдсан байх шаардлагыг бид тавих болно” хэмээн Жойс Австралийн “Есдүгээр суваг”-т ярилцлага өгөхдөө дурдсан байна. Олон улсын агаарын тээврийн ассоциаци /IATA/-ийн эрүүл мэндийн зөвлөх Дэвид Пауэлл өнгөрөгч даваа гарагт мэдээлэл хийхдээ, цаашид вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг зөвхөн нисэх компаниуд төдийгүй төр захиргааны хүрээнд ч шаардах болно гэдгийг онцлон өгүүлсэн аж. Тэрбээр “Зорчигчийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх баталгаатай мэдээлэл бол маш чухал зүйл гэж би бодож байна” хэмээн өгүүлснийг Financial Times-д дурджээ.
Каталончууд ресторан, бааруудаа нээжээ
Каталонийн өөртөө засах орон хөл хорионы зарим хязгаарлалтуудаа цуцалж, таван долоо хоногийн турш хаалттай байсан ресторан, баар, кафе, спорт танхимууд үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Харин бүхий л Испани орон даяар үйлчилж буй оройн 22 цагаас хатуу хөл хорионы дэглэм эхлэх заалт хэвээр үлдсэн учраас тус автономит улсад шөнийн амьдрал эргэн ирээгүй аж. Кафе, ресторанууд өөрийн үйлчилгээний талбайн 30 хувиас ихгүйг ашиглах бөгөөд кинотеатр, концертын танхимууд ч мөн үзэгчдийн суудлын талыг л дүүргэх шаардлагатай юм байна. Мөн өндөр эрсдэл бүхий улс орнуудаас ирж буй зорчигчид нислэгээс өмнө 72 цагийн дотор өгсөн Ковид-19-ийн шинжилгээний бичгээ Испанийн нисэх буудлууд дээр шалгуулах дүрэм журам үйлчилж, хэрэв ийм бичиггүй бол торгууль хүлээлгэн, эсрэг биетийн сорил өгөх шаардлага тавьж байгаа аж.
Чили улс жуулчдыг хүлээн авч эхэллээ
Чили улс найман сарын дараа гадны иргэдийг хүлээн авч эхэлжээ. “Энэ бол улс орны эдийн засгийг аажмаар нээх ээлжит алхам юм” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдсэн байна. “Бүхий л иргэдийн оролцоо хүчин чармайлт, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төр засгаас явуулж буй арга хэмжээнүүдийн ачаар сүүлийн таван сарын туршид улс орны нөхцөл байдал байнга сайжирсаар ирсэн учраас гадны иргэдэд хилээ нээж буй эхний үе шатныхаа талаар мэдээлэхийг хүсэж байна” хэмээн Ерөнхийлөгч өгүүлжээ. Гадаадын иргэд тус орны нийслэл Сантьяго хотод очихдоо коронавирусын шинжилгээ өгсөн тодорхойлолтоо үзүүлэн, гар утасны аппликэйшний тусламжтайгаар хоёр долоо хоног хяналтад байхыг зөвшөөрөх ёстой гэнэ. Одоогоор Чилид урдын адил хязгаарлалт, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа бөгөөд ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм байна. Тус улсад цар тахлын халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш хагас сая орчим хүн өвчилж, 15 мянга гаруй хүн нас бараад байгаа аж.
Вакцин хуваарилалтын талаарх ЮНИСЕФ-ийн өргөн хүрээт үйл ажиллагаа
2021 онд коронавирусын эсрэг вакцины хоёр тэрбум тунг хөгжиж буй улс орнуудад хүргэх болно гэж ЮНИСЕФ-ийн зүгээс мэдэгдсэн байна. Covax хөтөлбөрийн хүрээнд Бурунди, Афганистан, Йемен зэрэг улс орнуудад вакцин, тэрбум ширхэг тариурыг хүргэхийн тулд 350 гаруй нисэх компаниуд болон ачаа тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх тус байгууллага мэдээлжээ. Covax хөтөлбөрийг вакцин хуваарилалтад зориулан ДЭМБ-ын санаачлагаар эхлүүлээд байгаа аж. “Энэхүү түүхэн бөгөөд өргөн цар хүрээт үйл ажиллагааг тээвэрлэлтийн шаардлагатай хүчин чадлаар хангахын тулд бидний үнэлж баршгүй хамтын ажиллагаа ихээхэн хүчин чармайлтыг гаргах болно” гэж ЮНИСЕФ-ийн хангамжийн хэлтсийн захирал Этлева Кадилли мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН