Covid-19

Т.Мөнхсайхан: 12-р сарын 8, 20-нд амьсгалын нийт 400 аппарат оруулж ирнэ

Нийтэлсэн

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон салбар хариуцсан сайд нар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

-Манай улсад амьсгалын хэчнээн аппарат байна вэ?
-Коронавирусийн эмчилгээнд зориулж ХӨСҮТ-д 23, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн 300 ортой шинэ эмнэлэгт 50 амьсгалын аппаратыг суурилуулсан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 амьсгалын аппаратыг суурилуулсан. Үүнээс гадна зөөврийн 20 аппаратыг ашиглахад бэлдсэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим амьсгалын аппаратны нөөц байна.

Бид наймдугаар сард амьсгадын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Эхний ээлжинд нэмэлтээр амьсгалын 200 аппаратыг арванхоёрдугаар сарын 8-нд оруулж ирнэ. Дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-нд ирнэ. Хүн амын 1 хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог гаргаж, аппаратны нөөцөө бэлдсэн. Эдгээр амьсгалын аппаратыг ажиллуулах мэргэжилтнүүдийг өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн. Цаашид ч бэлтгэх шаардлагатай байна.

-Хөл хориог сунгасан 10 хоногт Та бүхэн юу хийх вэ?
-Бид халдварын тархалтын богино хугацаанд хумих, тархалтыг зогсоох чиглэлээр ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон 10 хоногт ойрын болон хоёрдогч хавьтлуудыг илрүүлэн шинжилгээ авна. Дараа нь халдварын голомт гарсан бүсүүдэд шинжилгээг өргөн хүрээнд авна. Халдвар илэрсэн орц, байр хотхоноос авч байгаа шинжилгээний хүрээг өргөтгөнө. Мөн COVID-19-ийн тархалт ард иргэдийн дунд байгаа эсэхийг тогтоох тандалтын шинжилгээг хийнэ. Ингэж чадвал халдварын голомтыг богино хугацаанд хумих өндөр ач холбогдолтой гэв.

Exit mobile version