Дэлхий
Аргентины эрх баригчид Диего Марадонагийн үхэлд эмчийг нь сэжиглэн шалгаж эхэлжээ
Аргентины хөлбөмбөгийн домогт тамирчин Диего Марадона өнгөрсөн долоо хоногт зүрхний шигдээсийн улмаас Буэнос Айрес дахь гэртээ нас барсан билээ.
Тэрбээр энэ сарын эхээр тархиндаа цусны бүлэгнэл авхуулах мэс засал хийлгээд гэртээ эмчлүүлж байсан юм. Үүнээс гадна архины донтолтын эсрэг эмчилгээ хийлгэж байжээ.
Марадонагийн охид эцгийнхээ үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохыг Аргентины эрх баригчдаас шаардаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт Буэнос Айрес хотын цагдаагийн газар талийгаачийн эмч Леопольдо Люкийн гэр болон хувийн эмнэлэгт нэгжлэг явуулжээ.
Прокурорын тушаалаар нийт 30 цагдаагийн албан хаагч өчигдөр өглөө 39 настай эмч Люкийн гэрт нэвтэрсэн бол өөр 20 орчим цагдаа Буэнос Айрес хот дахь хувийн эмнэлэгт нь нэгжлэг явуулсан байна.
Нэгжлэгийн үеэр сэжигтний компьютерууд, гар утас, бичиг баримтуудыг хураажээ.
Цагдаагийн нэгжлэгийн дараа Люк эмч хэвлэлийн хурал зохион байгуулж, Марадонагийн үхэлд өөрийгөө буруугүйг мэдэгдсэн байна.
Энэ үеэр тэр найзынхаа амийг аврахын тулд чадах бүхнээ хийснийг уйлан ярьжээ. Хагалгааны дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг ятгаад дийлээгүйгээ, амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд Марадона маш их гуниглаж, гэртээ ганцаараа байхыг хүсэж байсныг тэр мөн ярьсан байна.
60 насандаа таалал төгссөн хөлбөмбөгийн одтой салах ёс гүйцэтгэх ажиллагаа өнгөрсөн Пүрэв гарагт Аргентины нийслэлд болж, олон арван мянган хүн оролцсон юм.
Марадонагийн оршуулгыг зохион байгуулсан компанийн гурван ажилтан талийгаачийн шарилны өмнө сэлфи хийснийхээ төлөө хүмүүст хурцаар шүүмжлүүлж, ажлаасаа халагдсан байна.
Эх сурвалж: CNN