Орон нутаг
З.Мэндсайхан: Орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн мах болон хүнсний тээвэрлэлтийг хориглоогүй байгаа
Бүх нийтийн бэлэн байдлыг сунгаж, хөл хориог арван хоног үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдийн идэшний асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “ Идэш бэлдэх асуудлыг иргэд тавьж байна. Бид бэлэн байдал зарлачихсан одоо хэсэгчилсэн байдлаар зарим үйлдвэрүүдийг нээж байна. Гэхдээ байгаа нөхцөл байдал маань хөл хөдөлгөөнийг л хориглох шүү дээ. Тодорхой хэмжээний шийдлийг хийж байгаа. Зарим баруун аймаг хүнс хөдөө аж ахуйн газартайгаа хамраад аймгаасаа Улаанбаатар хот руу иргэдийн идшийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж, хүргэж өгч байна. Ингээд идэш хүргэж ирсэн автомашинуудаар орон нутаг руу хүнс тэжээл татах ажлыг хийж байна.
Монгол Шуудан компани долоо хоногт хоёр удаа аймгууд руу шуудан хүргэж өгдөг. Тиймээс бид Монгол шуудан компанитай хамтраад орон нутгаас Улаанбаатар руу хүргэлтийн үйлчилгээ явуулж байна. Одоогийн байдлаар 546 орчим захиалга ирээд хүргэлтээр явж байна. Тиймээс иргэдийг энэ үйлчилгээг ашиглахыг санал болгож байна. Аймгийн төв дээр бүх шуудангийн үйлчилгээ очиж байгаа. Түүнчлэн орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн мах болон хүнсний тээвэрлэлтийг хориглоогүй байгаа. Иргэд халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиад хүнсний зүйлээ хүнс тээврийн машинаар дайж авах боломжтой” гэв.