Нийгэм
“Moderna” вакцин хүнд хэлбэрийн КОВИД-ийг 100 хувь урьдчилан сэргийлнэ
АНУ-ын “Moderna” компанийн гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилтын дүн тус вакцин коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 94.5 хувь, КОВИД-19 хүндрэлээс 100 хувь хамгаалах үр дүнтэй болохыг харуулжээ.
Өнгөрсөн даваа гарагт тус компани АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын албанд хандан mRNA туршилтын технологийн дагуу гаргаж авсан КОВИД-19-ийн эсрэг вакциныг бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Тус албаны зүгээс “Moderna” компанийн хүсэлтийг энэ сарын 17-нд авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Зөвлөлдөх хорооны хурал цахим хэлбэрээр болох ба үүнд АНУ-ын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч эрдэмтэн, шинжээчид оролцох юм.
Тус компани 2020 онд багтаан 20 сая тун вакцин үйлдвэрлэж, АНУ-д нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд 0.5-1 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, дэлхийн дахинд нийлүүлэхээр зэхэж байна.
Тус компани вакцинаа бүртгүүлэх хүсэлт гаргасантай холбоотой хувьцааных нь үнэ 17.19 хувиар буюу 21.84 ам.доллароор өсөж, 148.86 ам.долларт хүрчээ.