CRI Монгол радио
“Давшгүй даваа, гэтлэшгүй гол гэж үгүй”
-ДОХ-ын эсрэг олон улсын 33 дахь өдөрт
Өнөөдөр даян дэлхийд цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн уналт, цар тахал, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг толгой өвтгөсөн олон асуудал хүн төрөлхтнийг өдөр болгон шаналгаж хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацагдаж, хүмүүсийг туйлдуулж зүдрээж байна. Эдгээрийн зэрэгцээ хүн төрөлтөнтэй олон жил “зууралдсан”, бас нэгэн аюулт өвчний тухай өнөөдөр дурдахгүй байж болохгүй. Энэ бол ДОХ. Дархлал хомстлын олдмол хам шинж өвчин.
Шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтод хүрч, тэр дундаа анагаахын салбар асар хурдацтай, маш өндөр түвшинд хөгжиж САРС, Эбола вирус, улаан бурхан, гахайн томуу зэрэг аюулт хүн төрөлхтөн дарж ирсэн ч ДОХ-ыг үндсээр нь устгах, бүрмөсөн таслах үр дүнтэй арга олоогүй л байна. Үүнд шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшинд дутаагүй, харин ДОХ-ын вирус хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэв маяг, олон зүйлийн зуршилтай холбогдож халдварладаг болоод өнөөг хүртэл устгаж чадаагүй билээ.
НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн газар 2020 оны 7 дугаар сард нийтэлсэн “ДОХ-оос сэргийлэх ажлын ахиц-2020” тайлангаас харахад, өнгөрөгч 2019 онд дэлхийн хэмжээнд 1 сая 700 мянган хүн ДОХ-ын халдвараар нэмж бүртгэгдсэн байна. Нэг жилд 690 мянган хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхиж, халдвартай 38 сая өвчтөнөөс 12.6 сая нь үр дүнтэй эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа юм. Зөвхөн өнгөрөгч 2019 онд 320 мянган хүүхэд халдвар авч, 110 мянган хүүхэд энджээ. Цочирдом статистик гэвэл 100 секунд тутамд 20 нас хүрээгүй нэг залуу амь ДОХ-оос болж хорвоогоос буцаж байна. Хятад улсаар жишээлэн үзэхэд, сүүлийн жилүүдэд сэргийлэлт хамгаалалтын маш хатуу чанга, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, халдварын тохиолдлын тоог хазаарлан, нас баралтыг үр дүнтэй тогтоон барьж чадсан хэдий ч “үүрэг хүнд, зам хол” хэвээр байна.
Албаны тоо баримтад дурдсанаар 2019 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд ДОХ-ын халдварын 958 мянган тохиолдол байна. Эрүүл мэндийн үндэсний хорооны 2020 оны 4-р сард нийтэлсэн “Үндэсний хуульд заасан халдварт өвчний нөхцөл байдал-2019” тайлангаас харахад, 2019 онд Хятад улсад 21 мянган хүн ДОХ-ын халдвараар нас баржээ. Энэ нь А, Б, С, Д вирусээр нас барж буй хүмүүсийн 83 хувийг эзэлж, нас баралт хамгийн ихтэй өвчин хэвээр байна.
Өнөөдөр ДОХ-ын эсрэг олон улсын 33 дахь өдөр тохиож байна. Энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Өнгөрсөн 10 жилд хүн төрөлхтөн ДОХ-ын эсрэг тэмцэлд илэрхий ахиц амжилт гаргасан. 2010 оноос хойш ДОХ-ын халдварын тохиолдол 23 хувиар буурч, нас баралтын тоо 39 хувиар багассан” гэж хэлсэн нь аюулт өвчнийг дарах талаар улс орон, нийт хүмүүн төрөлтөнд итгэл найдвар өгсөн үг байлаа.
Хятад улс сүүлийн жилүүдэд маш хатуу чанга арга хэмжээ авч ДОХ-той тэмцэж байна. Эмнэлгийн хонгил, сургуулийн хашаа, метроны буудал, худалдааны төвд байнга ДОХ-оос сэргийлэх тухай сурталчилгааны хуудас тавьж, баримтат кино үзүүлж, нийгэм даяар, тэр дундаа өсвөр үеийнхэнд мэдээлэл өгч, сэргийлэлт, хамгаалалт, холбогдох бодлогыг тасралтгүй сурталчилж, нэр нөлөөтэй урлаг соёлын зүтгэлтнүүд ДОХ-ын эсрэг үйлсийн элчээр ажиллаж байдаг. Хамгийн тод жишээ гэвэл Хятад улсын тэргүүн хатагтай энэхүү аюулт өвчний эсрэг олон улсын элчээр ажилладаг юм. Төр засгийн бодлого шийдвэр, ард түмний чармайлт зүтгэл талаар өнгөрч байгаагүй, тиймээс ямагт урагшлах болно. Учир нь давшгүй даваа, гэтлэшгүй гол гэж үгүй. Хүн төрөлхтөн эв санаагаа нэгтгэн, нэгэн чиглэлээр хамтран зүтгэвэл муу муухай бүхнийг ялан дийлэх нь лавтай. Хүн төрөлхтний түүхийг харахад тийм байсан, тэгэх ч болно…