Шүүх

Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүсийн хурлыг Дээд шүүх товлож, Б.Хурц нарынхыг хянаж байна

Нийтэлсэн

Олны анхаарал татсан хоёр ч хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хянаж, нэгийг нь хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 5-ны лхагва гарагт хэлэлцэхээр товлоод байна. Оймсондоо 10 000 ам.доллар нуусан бичлэг нь олны анхаарал татсан, дээрх хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм. Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасан билээ. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр авлига, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгодог хуулийн цоорхойн бодит жишээ болсон 36 хавтас бүхий энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсныг нь шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг, Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Маржангулийн өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг нар эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан аж. Үүнээс гадна Улсын дээд шүүхэд хянаж буй өөр нэг хэрэг нь ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн үндэслэлээр дээрх есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорууд хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримт хангалттай гэж үзээд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Тус шүүхэд өнгөрсөн аравдугаар сард тэдэнд холбогдох, бусдыг эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Уг магадлалыг нь хэргийн холбогдогчдын өмгөөлөгч нар үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд хяналтын шатны шүүхийн шүүгчид хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Exit mobile version