Орон нутаг

Батцэнгэл, Ихтамир сумын бүх иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Нийтэлсэн

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьтлаас дахин вирус илэрч нийт тохиолдлын тоо гурав боллоо. Анх халдвар авсан нь батлагдсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб дуудлага авсан эхний өдрөө тусгаарлалтад аваад байжээ.

Үргэлжлүүлэн мэргэжлийн шуурхай баг болон тандалт судалгааны баг голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авсан.

Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 550 гаруй иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад байна. Нэг гэр бүлд байсан иргэдийн шинжилгээг хоёр хоногийн зайтай давтан авч, бусад ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээг долоо хоног тутам авах юм байна.

Мэргэжлийн дөрвөн тархвар судлаач ажиллаж, сүүлд нэмэгдсэн нэг тохиолдлын тархвар судлалыг дахин хийж байна.
Энэ мэт АйОК голомтыг хяналтандаа бүрэн авсан. Ийм учраас иргэд гэрээсээ гарахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, мэргэжлийн байгууллагын зөвөлгөөг дагах, амны хаалтыг зөв хэрэглэх, хүн хоорондын зай барих, гэртээ байхдаа агаар сэлгэлт хийж байх, чийгтэй цэвэрлэгээ ойр ойрхон хийх, дархлаа дэмжих хүнс хэрэглэх, онцын шаардлагагүй бол гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байх зэргийг аймгийн эрүүл мэндийн газар, АОК-оос уриалж байна.

Цаашдаа 12 дугаар сарын 02-ноос тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна хэмээн Архангай аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Exit mobile version