Дэлхий

Владимир Путин ирэх долоо хоногоос ОХУ-ын хүн амыг вакцинжуулж эхлэхийг тушаажээ

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын хүн амыг ирэх долоо хоногоос эхлэн Covid-19 өвчний эсрэг вакцинжуулалтад хамруулах даалгавар өгчээ.

Ингэхдээ эхний ээлжинд багш, эмч нарыг тус улсад бүтээсэн Спутник V вакцинаар дархлаажуулах юм байна.

Ойрын өдрүүдэд Орос улсад хоёр сая тун вакцин үйлдвэрээс гарах боломжтойг Путин засгийн газрын онлайн хурлын үеэр мэдэгджээ.

Одоогоор тус улсын эрдэмтдийн бүтээсэн хоёр вакцин туршилтын сүүлчийн шатандаа яваа бөгөөд гурав дахь вакциныг бүтээх төсөл үргэлжилж байгаа юм байна.

Анхны вакцин болох Спутник V 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог нь туршилтаар батлагдсаныг өнгөрсөн сард зарлаж байжээ.

“Ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэхээр шийдэцгээе. Та бүхний болгоомжилж байгааг ойлгож байна. Гэхдээ эрүүл мэндийн салбар үүнд ерөнхийдөө бэлэн болсныг би мэдэж байна. Эхний алхмаа хийх цаг нь болсон” гэж Путин хурлын үеэрээ ярьсан байна.

ОХУ-д эрсдэлтэй бүлгийн 100,000 хүнийг вакцинжуулаад байгаа тухай тус улсын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко НҮБ-д Спутник V вакцины талаар танилцуулахдаа мэдээлж байв.

Уг вакцины сүүлчийн шатны туршилтад дэлхийн хэд хэдэн улс орны 45,000 гаруй сайн дурынхан оролцож байгааг энэ үеэр мэдэгдсэн юм.

Халдварын батлагдсан тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвт бичигдэж байгаа ОХУ-д нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол арваннэгдүгээр сарын 27-нд оргилдоо хүрснээс хойш алгуур буурч байгаа.

Лхагва гарагт тус улсад халдварын 25,345 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-д нийт 2.3 сая хүн халдвар авч, 40,000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version