Нийгэм
Коронавирусийн халдвар авсан иргэний хоёр хүүхдийг байрныхан нь гэрт нь оруулсангүй
Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй эмэгтэйн хоёр хүүхдийг амьдарч байсан байрны оршин суугчид нь гэрт нь оруулаагүй байна.
Дөрвөн настай дүүгээ дагуулсан 17 настай охин нь халдвар аваагүй учир тусгаарлалтаас гарч, өчигдөр Баянзүрх дүүрэг дэх түрээслэн амьдарч байсан байрандаа иржээ. Гэтэл оршин суугчид гэрт нь оруулаагүй тул ээж нь хэвлэлд хандсан байна. Энэ асуудал УОК-оор дамжин, хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, Түр хамгаалах байранд өчигдөр орой авчиржээ.
Хүүхдүүд одоогоор Түр хамгаалах байранд байгаа бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын удирдлагууд энэ тухай өнөөдөр УОК-т танилцуулж буй аж. Халдвар авсан иргэн болон гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэх талаар одоогоор мэдээлээгүй байгаа юм.