Улс төр
С.Чинзориг: Цар тахал намжихгүй, 2021 оны төсөвт тодотгол хийхээр бол ХХОАТ-ыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “2021 оны төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал.
Бид коронавирусийн цар тахлын үед эдийн засгаа хумиж хүндрэлийг давах уу, эсвэл тэлж үү гэдэг сонголтын өмнө байна. Хөрөнгө оруулалтыг хасах нь буруу гэж үзэж байгаа.
Хөрөнгө оруулалтыг тэлснээр ажлын байрыг хадгална. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотой хувь хүний орлогын албан татварыг тэглэсэн. Аравдугаар сарын 1-нээс ХХОАТ-ыг тэглэсэн хуулийн үйлчлэл зогсоод уг татварыг хуулийн дагуу авч байгаа.
Цаашид цар тахлын дэгдэлт намжихгүй бол 2021 оны төсөвт тодотгол хийвэл хүн амын орлогын албан татварыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. 2021 оноос ажил олгогч болон ажилтны төлөх НДШ нэг нэг хувиар нийтдээ хоёр хувиар нэмэгдэх хууль хэрэгжинэ.
Цар тахлын дэгдэлт арилаагүй байгаа үед НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах уу эргэж харах уу гэх мэтчилэн анхаарах зүйл байна” гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Төсвийн аж ахуйн нэгжүүд улсын үйлдвэрийн газрыг үр дүнтэй ажиллуулах, үргүй зардлыг багасгах, ялангуяа хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өргөжилт нэрээр төсвөөс гадуур маш их хөрөнгө оруулалт хийгддэг.
Хөрөнгө мөнгөний зарцуулалт явдаг болсон нь нэгэнт ил болсон. Тиймээс энэ асуудалд цаашид томоохон хэмжээний бүтцийн өөрчлөлт хийх ажлыг эрчимтэйгээр эхлүүлэх нь зүйтэй. 2021 оны төсөв дээр УИХ өөрсдийнхөө хэмжээнд сайн ажилласан.
Ковидын бэлэн байдлыг хангах чиглэлээс бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 15 хувиар багасгасан.
Цаашдаа ч гэсэн Ерөнхийлөгчийн хориг дотор байгаа үргүй зардлыг 20 хувиар бууруулах боломжийг Засгийн газар судалж үзэх ёстой. Цаг хугацааны хувьд хоригийг хүлээж авах боломжгүй байгаа учраас Цар тахлын эсрэг хуулийг сунгах замаар УИХ, Засгийн газар төсөвт зохицуулалт хийх бүрэн боломжтой” гэлээ.