Нийгэм
Ойрын 2-3 нислэгээр тийз нь баталгаажсан иргэдийг авчирна
Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдсантай холбоотойгоор гадаад орнуудаас иргэдээ авчрах үйл ажиллагаанд тасалдал үүсээд буй. Тэрдундаа арваннэгдүгээр сард төлөвлөгдсөн байсан нислэгүүдээр ирэхээр өөрсдийн нөөц бололцоогоо шавхан тийз авсан иргэдийн хувьд хүнд байна гэх мэдээллийг гадаадад байгаа иргэд өгч байгаа.
Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг сая мэдээлэл хийхдээ гадаадын 17 улсад 100 иргэн хүнд байдалд байгаа талаар мэдээллийг холбогдох ЭСЯ-дуудаас авсан гэлээ. Түүнчлэн тийзээ авч санхүүгийн хүнд байдалд орсон иргэддээ туслах үйл ажиллагааг НҮБ болон ЭСЯ-дтай хамтран хийнэ гэв. Санхүүгийн хүнд байдалд орсон иргэнд дэмжлэг үзүүлэхдээ эмзэг байдлыг нь илтгэх нотолгоонд суурилж, дүгнэлт хийнэ гэлээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гадаадад гацсан иргэдээ авчрах, дэмжлэг үзүүлэхэд гаднын улс орнууд болон донор байгууллагуудаас 2.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монголдоо нэн яаралтай буцаж ирэх хүсэлт гаргасан 2154 иргэн байгаа аж. Ойрын хугацаанд 2-3 нислэг хийх бөгөөд тийз нь баталгаажсан иргэдийг тэргүүн эгнээнд эх орондоо авчрах аж.