Улс төр
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн хориг төсвийн хуулийн алдаануудыг илчилж өглөө
Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны Төсвийн хуульд хориг тавьсан. Гэвч парламент хоригийг хүлээж авсангүй. Шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?
-Аливаа хуульд хориг тавина гэдэг Үндсэн хуулиар Төрийн тэргүүнд олгогдсон хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хориг тавих үзэгдэл нь хууль тогтоох байгууллагын хувьд эрүүл жишиг. Энэ жишгийн дагуу Ерөнхийлөгч 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Гэвч Засгийн газрын болон парламентын зарим гишүүн буруудлаа, бүхэлд нь биш хэсэгчилж тавих байсан юм. Улс төржлөө, алдаатай байна зэргээр ярьж хүлээн авлаа. Уг нь парламент Ерөнхийлөгчийн хориг, буруу зөв гэж ярьж, шүүдэг газар биш. Засгийн газрын субъект бүр ч биш. Тэгж ярих ёсгүй юм. Ерөнхийлөгчийн шийдвэр ямар нэг байдлаар хуульд нийцэх эсэхийг шалгаж хянадаг ганцхан субьект нь Үндсэн хуулийн Цэц юм. Тэгэхээр хуулийн үндсэн дээр хориг зөв буруу гэж маргаад байх ямар ч шалтгаан байхгүй. Төрийн тэргүүн эрхийнхээ дагуу л асуудалд хандсан.
-МАН-ын гишүүд хоригтой холбоотой янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Чуулганы хуралдааныг та үзэв үү. Ямар нөхцөл байдал ажиглагдаж байх юм?
-Үзсэн. Ер нь хориг гэдэг зөвхөн хүлээж авснаар ач холбогдол нь гардаг зүйл биш. УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг дээр олон гишүүн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах ёстой. Тодотгол хийх ёстой. Вакцинаа яагаад зээл тусламжаар авах ёстой юм гэсэн асуудлыг хөндөж байна. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтуудыг оновчтой байлгах, цар тахлын үед эдийн засгаа дэмжиж тэтгэх дээр цуврал арга хэмжээ авах, бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнээр иргэд маань төсвийн тухай ойлголттой болж байна. Төсвийн аль хэсэг нь үр ашиггүй юм. Цар тахлын үед зарим иргэн гэртээ идэх хоолгүй байхад яагаад орон нутгуудад соёлын төв барих юм. Дэлхий нийтээр хөл хорио үргэлжилж байхад музейгээр яах юм гээд ерөнхий ойлголтуудыг мэдээд авчихлаа. Өнөөдөр дэлхий нийтээр вакцин гаргах асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарим улс орон вакцин үйлдвэрлэж, түүнийгээ улс орнуудад өгөх гэж байна. Гэтэл манайд вакцин худалдаж авах мөнгө байхгүй байна. Тэгсэн мөртлөө хөлбөмбөгийн талбай, халуун усны байр, соёлын төв, музей, төрөл бүрийн барилгын өргөтгөлүүд барих гээд 160 тэрбум төгрөг төсөвт суулгачихсан. Нөгөө вакцин авах төсөв хөрөнгө хаана байна. Эрх баригчид ийм л төсөв баталсан шүү дээ.
-Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг царцааснаар эдийн засаг агшина гэсэн тайлбар яриад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Барилга барилаа гэхэд бид бүх материалыг урд хөршөөс авч байна. Тийшээ хөрөнгө оруулалт явдаг. Мөн нэг тендерийн компани л ашиг хүртдэг. Дарга нар нь “цавчаа”-гаа авна. Энэ үйл явц нь эдийн засгийг тэтгээд, тэлээд байгаа асуудал биш л дээ. Үүнийг гишүүд чуулган дээр ярьсан. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн хориг ач холбогдлоо өглөө. УИХ-ын чуулган дээр хориг хүлээж авсан эсэхээс үл шалтгаалан Монголын ард түмэн төсөв ямар үрэлгэн байдаг юм. Шаардлагагүй хөрөнгө оруулалт юу юм гэдгийг мэдлээ. Мөн төсвийн тодотголын асуудал хүчтэй яригдлаа. Тэгэхээр дахиад хэлэхэд Ерөнхийлөгчийн хориг үүргээ мундаг гүйцэтгэлээ гэж харсан.
-Хоригийг парламент хүлээж аваагүй ч үүргээ гүйцэтгэсэн хориг боллоо гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавиагүй бол эрх баригчид ямар их алдаатай төсөв баталсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа.
-Зарим нь Ерөнхийлөгчийг ядмаг улс төр хийж байна гэсэн. Нөгөө хэсэг нь хоригийг хүлээж авбал төсөв задарч нөхцөл байдал хүндэрнэ гэж байна. Үнэхээр МАН-ын гишүүдийн яриад байгаа тийм нөхцөл байдал үүсэх юм уу?
-Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан. Түүнээс биш Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа асуудал байхгүй. Ерөнхийлөгч улс төр хийж байна гэж хардах вий гээд хориг тавих бүрэн эрхээсээ татгалзаж болохгүй. Нэг хэсэг нь тэгж харж л байгаа байх. Гэхдээ улс төр байсан ч сайн үр дүнд хүрлээ. Эрх баригчид төсвөөр ямар их зүйл үр ашиггүй зарах гэж байна вэ. Хоригийг хүлээж авахаар аймаг орон нутгийн төсөв хүлээгдэнэ задарна, төрийн алба цалингаа өгч чадахгүй хэмжээнд хүрнэ гэж байна. Тийм зүйл байхгүй. Хоригийг хүлээж авлаа, яаралтай засч залруулах зүйлээ залруулаад батлаад явах боломж бололцоо бүрэн байлаа. Өөрсдөө л асуудлыг сунжруулсан. Мөн бүхэлд нь тавих нь буруу байлаа гэж шүүжилсэн. Энгийнээр тайлбарлахад төсөв дотор шаардлагатай хөрөнгө оруулалтууд бий. Түүнийгээ авч үлдээд шаардлагагүйгээ хүлээн авч болно. Энэ нь УИХ, Засгийн газрын бүрэн эрх. Түүнээс биш Ерөнхийлөгч шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг түүгээд хориг тавих нь өөрөө зохисгүй асуудал. Тэгвэл жинхэнэ улстөржилт болох байв.
-Дараагийн нэг асуудал нь өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачлагыг Ерөнхийлөгч гаргаад байгаа. Хоригийг хүлээж аваагүй учраас энэ асуудал зогсох уу. Өөр ямар арга нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ. Иргэдийн дунд хүлээлт байх шиг?
-Ерөнхийлөгч анх санаачилга гаргахдаа өрх бүрт сая төгрөг өгөх эх үүсвэрээ бодсон байгаа байх. Ерөнхийлөгч 2021 оны төсвийн мөнгийг ард иргэдэд тараагаад өгчихье гэж хэлээгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч нэг сая төгрөгийнхөө үндэслэлийг гаргаж ирнэ. Ямар эх үүсгэврээр хэрхэн зохион байгуулах гэдэг тайлбар өөрт нь байгаа. Тийм асуудал байхгүй бол анхнаасаа өрх бүрт нэг сая төгрөгийн асуудал ярихгүй байсан. Эдийн засгийн утга агуулгыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ бэлэн мөнгөөр бус дандаа үндэсний үйлдвэр эрхлэгчдэд ваучер хэлбэрээр очих энэ мөнгө эдийн засгийг хямраана гэж бодохгүй байна. Жинхэнэ ЖДҮ-чид, хүнсний үйлдвэрлэл, талх, нарийн боовны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулна. Одоо цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Бүгд ажилтнуудаа цомхотгож, ажлын байраа хааж байна. Түрээсийн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа бизнес эрхлэгчдээ үүнээс өөрөөр яаж дэмжих вэ. Өөр гарц олж харахгүй байна. Хууль зүйн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр парламент “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуульд Засгийн газрын эрх үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал, “Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх үүрэгтэй гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад байгаа өрх бүрт үзүүлэх нэг сая төгрөгийн дэмжлэгийн асуудал зүгээр нэг хоосон зүйл, улс төр биш. “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулиа хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа асуудал.