Улс төр

Х.Булгантуяа: ЖДҮ эрхлэгчид дараагийн 5-6 жилд нийгмийн халамж авдаг бүлэг болж хувирах эрсдэл байна

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хатуу хөл хорио тогтоосноос хойш Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчидтэй хоёр удаа цахим хурал хийсэн. Бизнес эрхлэгчид ямар санал хэлж байна?
-Өнгөрөгч 11 дүгээр сарын 24-нд БЗД-ийн бизнес эрхлэгчидтэй цахим уулзалт хийлээ. БЗД нь Улаанбаатар хотын хамгийн их зах худалдааны төв байрладаг, маш олон худалдаа бизнес эрхлэгчид байдаг гэдгээрээ онцлогтой. Хатуу хөл хорио тогтоосон болохоор бүх зах худалдааны төвүүд ажиллахгүй. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн хувьд амаргүй байна.

11 дүгээр сарын 23-ны орой цахим уулзалтын зар тавихад маргааш өглөө нь 83 бизнес эрхлэгч холбогдсон. Тэдгээрийн хувьд бол цар тахлын энэ хүнд цаг үед төр засгийнхаа шийдвэрийг ойлгож буйгаа илэрхийлж байна. Гэхдээ банкны зээл, цахилгаан дулааны төлбөр нэхсэн хэвээр гэдгийг хэлж буй юм. Үүн дээр зохицуулалт хийж буй байгууллагууд дутуу дулимаг ажиллаад байна гэсэн гомдол ирж байна.

Бизнес эрхлэгчдийн тавьсан саналыг УИХ-ын Түр хорооны хурал дээр уламжилсан. Ихэнх бизнес эрхлэгчид түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл түрээслэгч нарын зүгээс түрээсийн төлбөрийг нь тэглэхгүй байна гэсэн гомдол их ирж байна. Энэ хэцүү цаг үед улсын төсөв өрх гэрийн орлоготой адил хүнд байдалтай байна. Тийм учраас бүхий л хураамж, татварыг хөнгөлчихвөл улсын төсөв орлогогүй болоод цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдлын албаны санхүүжилт зогсох эрсдэл үүснэ. Тийм учраас үүнийг 100 хувь тэглээд явахад хэцүү байна.

-Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдийн НДШ-ийг хөнгөлөх саналыг дахин тавьж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэдий хэмжээний ААН энэ хөнгөлөлтөд хамрагдсан бэ?
-Засгийн газраас 10 дугаар сар хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд маш их үр дүнгээ өгсөн гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Жишээлбэл өнгөрсөн зургаан сарын хугацаанд 700 гаруй мянга иргэнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн. Үйл ажиллагаа нь доголдсон борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 хувь түүнээс доош буурсан 73 мянган аж ахуйн нэгжийн ажилтан бүрд 200 мянган төгрөг олгосон. Үүнд 25.2 тэрбум төгрөг зарцуулсан. Нийтдээ 242 мянган хүнд олгодог хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ нь 27.2 тэрбум төгрөг. Халамжийн тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн асаргаа шаардлагатай 16 нас хүртэлх хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх зэрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн.

Энэ хэцүү цаг үед улсын төсөв өрх гэрийн орлоготой адил хүнд байдалтай байна. Тийм учраас бүхий л хураамж, татварыг хөнгөлчихвөл улсын төсөв орлогогүй болоод цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдлын албаны санхүүжилт зогсох эрсдэл үүснэ.

Гэтэл үүний үйлчлэл нь 10 дугаар сараар дуусгавар болсон юм. 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа нь хуучин горимд шилжин НДШ-ээ төлж явж байсан ААН-үүд маань одоо хүнд нөхцөл байдалтай байна. Үүнийг Засгийн газарт уламжилсан. Одоогийн байдлаар Засгийн газар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ч хэрэв нөхцөл байдал энэ чигээрээ удаан хугацаанд үргэлжилбэл ямар нэгэн шийд гаргахаас өөр арга байхгүй гэж бодож байна. Өнөөдөр Монголын хүн амын бараг 30 хувь нь нэн ядуу бүлэглэлд багтдаг. Одоо бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол ядуурал нэмэгдэнэ. Халамж авагчдын тоо л өснө гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд НДШ-ээс чөлөөлөх шийдвэр гаргахад 38400 ААН-ийн 401800 даатгуулагч сайн дурын 144300 даатгуулагч хамрагдсан. Үүний үр дүнд 271 тэрбум төгрөгийн НДШ-ээс чөлөөлөгдсөн. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд маш том дэмжлэг болсон. Бизнес эрхлэгчдийн зүгээс үүнийг үргэлжлүүлж өгөөч гэсэн санал хүсэлт тавьсан.

-Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Засгийн газраас 23 багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ энэхүү 23 арга хэмжээ нь иргэдийн амьжиргаа, жижиг дунд бизнес эрхлэгчдэд төдийлөн хүртээлгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Та ямар байр суурьтай байна вэ?
-Ипотекийн зээлийг өмнө нь бас хойшлуулсан. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс ажлын байр бий болгох гэж зээл авсан хэдий ч цар тахлын энэ үед зээлийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байна гэдгээ илэрхийлсэн. Энэ бол үнэн. Бизнес эрхлэгчид маань орон байраа барьцаанд тавиад үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс бизнес болон хэрэглээний зээлэнд өөрчлөлт оруулах санал гаргаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк бусад банкуудыг уриалаад тодорхой зохицуулалтуудыг хийсэн. Үүний хүрээнд 85100 иргэний 754 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт оруулсан. Мөн ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлт гаргасан 2 их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулсан. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчийг гурван сарын хугацаанд 7 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Өнөөдөр Монголын хүн амын бараг 30 хувь нь нэн ядуу бүлэглэлд багтдаг. Одоо бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол ядуурал нэмэгдэнэ. Халамж авагчдын тоо л өснө гэсэн үг.

Мөн 1451 байгууллагын 2.2 их наяд төгрөгийн бизнесийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн гэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монголбанк бусад банкуудтай яриа хэлэлцээр хийж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бизнесийг дэмжих чиглэлээр саналууд гаргана. Монголбанк болон Монголын банкны холбооны төлөөлөл ирж оролцоно. Гэхдээ банкуудын байх зохистой харилцааг улам их багасгах эрсдэлтэй. Банкны салбар татан буугдах бий гэсэн эрсдэл бий. Эдийн засаг ерөөсөө хямраагүй юм шиг байдлаар хадгаламжийн хүүг тооцоолж авна гэдэг байр суурийг банкны салбарынхан илэрхийлж буй. Гэтэл нөгөө талаас хэрэглээ, бизнес, ипотекийн зээлийг хөнгөл, чөлөөл, хойшлуул гэдэг шаардлагууд тавигдаж байна. Тэгвэл хадгаламжийн хүүг тэглэвэл яах вэ гэсэн асуудал өөрийн эрхгүй гарч ирнэ.

-Хадгаламжийн хүүг тэглэх санал гарсан. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлаар УИХ-ын чуулган дээр хэд хэдэн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Өндөр хадгаламж эзэмшдэг хүмүүсийн хадгаламжийн хүүг бууруулбал яасан вэ гэсэн санал гарсан. Том хадгаламж эзэмшигчид зах зээлийн хадгаламжийн хүүгээс өндрөөр мөнгөө хадгалуулдаг. Үүнийг тусгай нөхцөлт хадгаламж гэдэг юм. Тусгай нөхцөлт хадгаламж татан авах гэж банкууд хоорондоо өрсөлддөг. Өнөөгийн нөхцөлд иймэрхүү хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүг 100 хувь тэглэхгүй ч гэсэн тодорхой хувиар багасгах яриа хэлэлцээр хийх ёстой гэж бодож байна. Энэ орон зайгаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлд дэмжлэг үзүүлэх санал гарсан. Нийт хадгаламжийн ихэнхийг цөөхөн том хадгаламж эзэмшигчид эзэлдэг шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд 3-4 сарын хадгаламжийн хүүг 100 хувь тооцуулж авахгүй байлаа гээд амьдрал нь доордох хүмүүс биш байх.

Харин жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд энэ хүнд цаг үед бизнес нь ч, амьдрал нь ч дордоно. Жижиг дунд бизнес эрхлэгчид нэн ядуу айл өрх эсвэл дараагийн 5-6 жилд нийгмийн халамж авдаг бүлэг болж хувирах эрсдэл байна. Иймээс бид уламжлалт бус янз бүрийн аргуудыг судлахаас өөр аргагүй. Бид нар 14 банк, том хадгаламж эзэмшигчид маань хэцүүдэх вий гэж ярьсаар байхад дунд орлоготой иргэд маань цар тахлыг ялангуяа тэг зогсолтыг давж гарна гэдэг амаргүй болж байна. Том хадгаламж эзэмшигч эдгээр хүмүүс иргэнийхээ зориг гаргах болов уу гэж хувь хүнийхээ хувьд найдаж байна. 2014-2016 оны хооронд ядуурал 10 функцээр нэмэгдсэн. Тухайн үед эдийн засаг хүнд байсан, өр зээл тавьсан нь үнэн. Гэхдээ одоогийн энэ нөхцөлд удаан байвал 10 функц байтугай ядуурал нэмэгдэх эрсдэл бий болчихлоо. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд энэ бол эцсийн зогсоол болчхоод байна.

Өнөөгийн нөхцөлд иймэрхүү хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүг 100 хувь тэглэхгүй ч гэсэн тодорхой хувиар багасгах яриа хэлэлцээр хийх ёстой гэж бодож байна.

-Монгол Улсын 2021 оны төсвийг цахимаар баталлаа. Тодотгол хийх нөхцөлтэйгөөр баталсан төсөв гэж ойлгож болох уу?
-Төсвийн тухай хуульд төсвийн орлого тасарч, зарлага нь нэмэгдэхэд тодотгол хийхээр зохицуулж өгсөн. Ирэх онд хөл хорионы нөхцөл байдал энэ хэвээр байвал төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй. Он гараад нэгдүгээр сард коронавирусийн халдварыг дотооддоо дахин алдахгүй барьж чадвал магадгүй 2021 оны баталсан төсвөөр явах боломжтой.

-2021 оны төсөв хэр сайн төсөв болсон гэж үзэж байна вэ?
-2021 оны төсвийг боловсруулж байхад бид коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байсан. 2020 оны хоёрдугаар хагас жилд эдийн засаг маш хурдацтай сайн сэргэж байв. Экспортын хэмжээ нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хурдацтай өссөн. Эерэг хүлээлттэйгээр төсвийн төслийг боловсруулж, УИХ дээр гол хэлэлцүүлгүүд болоод хамгийн сүүлд яг цар тахлыг дотооддоо алдсан үед эцсийн байдлаар баталсан. Хуулиараа тухайн үед төсөвт томоохон өөрчлөлт оруулах боломжгүй болдог юм билээ. Гэхдээ төсвийн хуулийг баталж байхад гишүүдийн олонх нь 2020 оны дөрөвдүгээр сард баталсан Цар тахлын хуулиараа Засгийн газар бүхнийг фронтод гэдэг шиг бүхнийг цар тахалтай тэмцэхэд зориулж зарлага дотроо зарим нэг зохицуулалтуудыг хийж явах бүрэн боломжтой гэдэгтэй санал нэгдсэн. Жишээлбэл Боловсролын сайдын багцаас хасаад Эрүүл мэндийн сайдын багцанд нэмэх, зарим нэг хөрөнгө оруулалтуудыг зогсоох зэргээр зохицуулалт хийх бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон. Гэхдээ Засгийн газар он гараад төсөвт тодотгол хийнэ гэсэн бэлтгэлтэй байх ёстой. УИХ-ын гишүүд ч гэсэн төсвийг батлахдаа тодотгол хийж магадгүй шүү үүрэг чиглэлтэйгээр төсвийг баталсан шүү дээ.

-УИХ дахь МАН-ын бүлэг 2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй. Хоригийг хүлээн аваагүй үндэслэл нь юу байсан бэ?
-Ерөнхийлөгчийн тавьсан хориг хууль зүйн хувьд алдаатай. Нэгдүгээрт Монгол Улсын нэгдсэн төсөв гэдэг нь төсөв, нийгмийн даатгал, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал гээд олон хэсгээс бүрддэг. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийн тухайд нөгөө төсвүүд дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орохоос өөр аргагүй болж байна. Үүнийг тооцоолоогүй байсан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх хэрэгтэй гэсэн байсан. Яг ямар зардал гэдгийг тодорхой оруулаагүй учир төсвийн зардлын төрөл болгоноос бид нар 20 хувь хасах шаардлага гарна гэсэн үг. Тухайлбал хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй халамж тэтгэмж, улсын онцгой байгууллагад ажиллаж буй иргэдийн цалин тэтгэмж, төрийн байгууллагын бүхий л хүмүүсийн цалин тэтгэмжээс 20 хувь хасна гэсэн ойлголт төрүүлэхээр байна. Хоёрдугаарт өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Засгийн газар өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Манай улсад нийтдээ 897.4 мянган өрх байдаг. Эдгээрийн 60 орчим хувь нь мөнгөн тэтгэмж авдаг.

2020 оны дөрөвдүгээр сард баталсан Цар тахлын хуулиараа Засгийн газар бүхнийг фронтод гэдэг шиг бүхнийг цар тахалтай тэмцэхэд зориулж зарлага дотроо зарим нэг зохицуулалтуудыг хийж явах бүрэн боломжтой гэдэгтэй санал нэгдсэн.

Нийт хүн амын 3.1 хувийг хүүхдүүд эзэлдэг. Хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дундаж болон түүнээс доош орлоготой өрхөд амьдардаг. Нэг өрх дунджаар гурван хүүхэдтэй. Олон улсын байгууллагуудаас хамгийн сайн хэрэгжиж буй халамжийн схемээр халамжаа нэмж олго гэсэн зөвлөгөө өгч байгаа. Шинээр нэмж схем бий болгоход алдаа гарах магадлалтай. Иймээс бид хүүхдийн мөнгө, хүнсний талон, халамжийн тэтгэвэр гэсэн хуучин схемээ ашиглаж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой анхаарууштай зүйл бий. Төсөв боловсруулна гэдэг 2021 оны төлөвлөгөөг дахин харна гэсэн үг. Тэгэхээр төлөвлөгөөгөө дахин боловсруулж, дахин шинэчилж, боловсруулах болно. Энэ бол Засгийн газрын Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн судалгаа, тооцоог үндэслэж хийдэг хоёр сар гаруйн хугацаатай ажил. Бүх хүчин чадлаараа ажиллахад шүү дээ. Гэтэл өнөөдрийн цар тахлаас үүдэлтэй бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрсэн энэ үед 14 хоногт боловсруулж, хамаг хурдаараа 14 хоногт цахимаар хэлэлцэнэ гэдэг амаргүй. Ийм байдалтай баталлаа гэхэд сайн төсөв болно гэдэг хэцүү. Хэрэв баталж амжихгүй бол 2021 оны нэгдүгээр сараас санхүүжилтүүд гацна. Гэх мэтчилэн бизнесийн байгууллага тэг зогсолт хийсэн байхад төрийн байгууллага ч тэг зогсолт хийхэд хүрнэ.

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг дахин зургаан сар үргэлжлүүлэн сунгах саналыг та чуулганы хуралдаанд тавьсан. Өнгөрсөн зургаан сард хуулийн хэрэгжилт ямар байсан гэж дүгнэж байна вэ?
-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд маш олон санхүүжилтүүд, зохицуулалт хийсэн. Үдийн цайг үдийн хоол болгосноор санхүүжилт нэлээд нэмэгдсэн. Боловсролын сайдын багцаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багц руу мөнгө шилжүүлж, хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөг байсныг нэмэгдүүлсэн. Зарим нэг төсөл хөтөлбөрийг бүхэлд нь зогсоож, санхүүжилтүүдийг нь шилжүүлэн онцгой байгууллагуудын төсвийг нэмэх гэх мэт зохицуулалтууд энэ хуулийн хүрээнд хийгдсэн. Хуулийг батлаагүй бол Төсвийн тухай хуулиар нэг сайдын урсгал зардлаас нөгөө сайдын урсгал зардлыг санхүүжүүлж болохгүй. Гэх мэт сайн талууд гарсан. Гэхдээ хатуу хяналттай байх ёстой. Зарлага, хяналтыг сулруулж болохгүй гэсэн байр суурь маань хэвээрээ.

2021 оны төсвийг боловсруулж байхад бид коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байсан. 2020 оны хоёрдугаар хагас жилд эдийн засаг маш хурдацтай сайн сэргэж байв.

-Төсвийг цахимаар батлахад, цахим хуралдаан явуулахад хүндрэл гарч байна гэлээ. Шүүхийн багц хуулийг цахимаар хэлэлцэх боломжгүй байна гэх мэт санал гаргасан. Цахим хуралдаанд ямар бэрхшээл гарч байна вэ?
-Төсөв бол тэр чигтээ тоо. Бүтэн боть тоо. Төрийн бүх байгууллагын үйл ажиллагаан дээр тоо тавьсан байдаг. Бид үүнийхээ араас салбар, яамныхнаас нэг нэгэнгүй асуудаг, ярьдаг, хуралддаг. Микрофоноо хааж байгаад ширүүн яриа хийдэг. Тэгэхээр дутуу дулимаг ойлголттой баталж магадгүй. Чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлж байгаа ч 08:00 цагаас хуралдаж байна. Олон жилийн төсөв батлуулж байсан надад хүртэл цахимаар хуралдахад хүндрэлтэй байна. Байнгын хорооны хуралдаан дээр 2+1 минут гэхэд ихдээ 10-аад минутын үг хэлээд бүхэл бүтэн тойрог, салбарын мэргэжлийн асуудал ярилцана гэдэг хэцүү. Ялангуяа энэ цаг үед төсвийн асуудал бол онцгой. Төсвийн хоригийг хүлээж авах юм бол төрийн бүх байгууллага цахимаар төсвөө боловсруулж, Засгийн газар түүнийг нь хэлэлцэж, УИХ батлах болоод байна. Хувийн хэвшил бүрэн хүчээр ажиллаж чадахгүй байхад энэ бүх тоог цахимаар хуралдаад хийнэ гэдэг сайн төсөв биш өмнөхөөсөө дордох вий гэсэн айдас байна.

-Хатуу хөл хорио тогтоосноос хойш Баянзүрх дүүргийн Засаг даргатай холбогдов уу. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Амаргүй байна. Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хатуу хөл хорио тогтоолоо. Дүүргийн Засаг дарга ажлаа хүлээж аваад долоо хоногийн дараа л цар тахал гарчихлаа. Дүүргийн удирдлагууд ажлаа хүлээн авах шатандаа л байна. Босоо удирдлага төдийгүй доод шатандаа жижиг улстөржилтүүд явагдаад халамж үйлчилгээ хүндээ хүрэхгүй байх нөхцөл ажиглагдаж байна. Үүнийг бид бас бодох ёстой. Баянзүрх дүүрэг Улаанбаатар хотын хамгийн их хэрэг төвөг гардаг, орон нутгаас ирсэн бүртгэлгүй иргэд олонтой. Тэгэхээр төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд байна.

-Ярилцлсанд баярлалаа.

Exit mobile version