Covid-19
Д.Нарангэрэл: Коронавирусийн вакцин тархвар судлалын заалтаар хийгдэх учир иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдана
Хэд хэдэн улс үйлдвэрлэсэн вакцинаа хэрэглэж, зарим улс худалдан авч эхлээд байна. Одоогийн байдлаар аль улсын, ямар вакциныг ДЭМБ бүртгээд байгаа талаар ЭМЯ-ны хурлын үеэр сэтгүүлчид тодрууллаа. Уг асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах хариултыг өгөв.
Тэрбээр “Дэлхийн хэд хэдэн орон тухайлбал, ОХУ, Их Британи, Сингапур улс хүн амаа дархлаажуулах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа.
Ер нь бол вакцин хөгжүүлэлт маш удаан хугацаанд буюу 10-15 жил үргэлжилдэг ч цар тахалтай холбоотойгоор маш богино хугацаанд вакцинууд үйлдвэрлэгдэж байна.
Манай улсын хувьд томуугийн вакциныг ДЭМБ-ын зөвшөөрөлтэй үйлдвэрлэсэн гэх шалгуур тавьж, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр авдаг. ДЭМБ-аас вакцинд урт хугацааны зөвшөөрөл олгодог ч коронавирусийн хувьд богино хугацааны зөвшөөрөл олгох юм байна гэсэн мэдээлэлтэй байгаа.
Коронавирусийн вакцин тархвар судлалын заалтаар хийгдэх тул иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Ер нь томуугийн болон коронавирусийн вакцин хийлгэх эсэх талаар цахим санал асуулгыг авч байгаа” хэмээв.