Нийгэм
Зөвхөн вирус тойрсон бодлого байж болохгүй
Энд хөрсөн дээр хэрэгжих хэрэгжихгүй эдийн засагчдын хоосон цэцэрхэл, улстөрчдийн популизм ярих гэсэнгүй. Гэхдээ иргэд олон нийтээ март, шинжлэх ухаанаас төөр гэсэн үг бас биш. Маш энгийн ойлголт. Өнөөдөр 2021 оны төсөв тойрсон маргаан хаа сайгүй байна. Тэр тусмаа зарим нэгний нүдэнд орсон өргөс мэт болоод байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг царцаах тухай яриа маш хүчтэй өрнөж байгаа учраас иргэн хүний хувиар үгээ хэлэх гэсэн хэрэг. Бид 30 жил яг ийм маргаан дундуур яваад өнөөдөр нэг ч үйлдвэр бариагүй. Бид яг ийм замаар хоосон цэц булаалдаж, популизм хийсээр гадна дотны жуулчид ирэхэд үүдээ дэлгэчих нэг ч өөдтэй бүтээн байгуулалт босгоогүй. Хоосон улстөржилт, мөнгө тараалт, зээл тусламж, үргүй зардал дунд төөрөлдсөөр иржээ. Өнөөдөр яг энэ хэвээрээ байхыг хүсэн хашхиралдаж байгаа нь харамсалтай.
Эдийн засгийн өндөр боловсролтой байж болно, эгэл хөрсөн дээр юу оршин тогтнох чадвартай эсэхийг тунгааж үзээч ээ. Улс төрийн карьер, улстөрчийн өчүүхэн эрх ашиг байдаг ч улс орныхоо ирээдүйг нэг ч гэсэн удаа өнгийж хараач ээ гэж хүсэх байна. Төрийн зөв цэгцтэй бодлого дор түмэн олон туйлддаггүй юм.
Дэлхий нийтэд дэгдсэн цар тахал тарсан шигээ нэг л өдөр хумигдаж алга болно. Бүр ор тас алга болно. Чухам ямар эрсдэл үлдээхийг таашгүй. Амьдрал үргэлжилнэ, улс орон оршин тогтнодгоороо оршино. Тэр цагт өнөөх л бахь байдгаараа байхыг хүссэн улстөрчид олон байгаа нь ямар учиртай юм бэ. Бид зөвхөн цар тахал гэсэн зүйлийг тойрон эргэлдсэн төрийн бодлого явуулах юм бол ямар ирээдүй байх юм бэ. Бүрэн улсын бодлого ганцхан вирусны өмнө сөхөрчих учиргүй. Тэгэхээр төр нь төр шиг, иргэд нь иргэд шиг байх хэрэгтэй. Зайлшгүй нүүрлэсэн аюулт өвчин ямар ч эрсдэл үүрүүлж мэднэ. Ганцхан Монгол Улсыг нөмөрчихөөд байгаа зүйл биш.
Өнгөрөгч 2016, 2017 оноос хойш Монгол Улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн. Тухайлбал, Газрын тос нэрэх үйлдвэр, Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайтын төмөр зам, Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Дархан-Уул аймагт Хөнгөн үйлдвэр, нийслэлд Төв Номын сан, Чингис хааны музейн барилга, орон сууц гээд олон ажил эхлүүлчихсэн амжилттай явж байна. Мөнхүү аймаг, сумдад зам харгуй, Соёлын төв, Номын сан, Спорт цогцолбор, эмнэлэг, сургууль гээд бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ. Ирэх 2021 оны төсөв бол эдийн засгийн хувьд хамгийн эрсдэлтэй үед батлагдсан ч бүтээн байгуулалтаа орхисонгүй. Үүнээс харвал төр өргөн цар хүрээнд бодлого явуулж байна гэж болохоор. Тэр тусмаа түүхэнд бичигдэх бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө нөөц боломжид суурилан босгож байгаа гэхээр царцааж боломгүй зүйл олон бий.
Эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал яриад суугаад байвал юу ч босгож бүтээж чадахгүй. Тэгээд ч төсөвт нэгэнт тусгаад баталчихсан барилга бүтээн байгуулалтыг царцаах нь зүйд нийцэхгүй. Нөгөө талд Монгол Улсын Засгийн газраас цар тахал болон бусад зайлшгүй нөхцөлд шаардагдах хөрөнгийг зээлийн замаар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол төсөвт нэгэнт тусгасан бүтээн байгуулалтын ажлаа зогсоож царцаалгүй цааш явъя гэсэн зохицуулалт. Зарим цэцэрхэгчид өв соёл, тусгаар тогтнолыг сумын төвийн Соёлын төвийн барилгаар жишиж байна хэмээн ундууцаж байна. Тэгвэл тэндээс л эхэлдэг юм. Тэр сум сууринд л эх оронч сэтгэлгээ, үндэсний дархлаа оршиж байдаг юм. Түүнийг түгээн дэлгэрүүлэх, агуулах барилга байшин зайлшгүй хэрэгтэй. Тэнд чинь хүн, Монгол Улсын иргэд амьдардаг юм шүү дээ.
Нөгөө талаас зарим улс орнууд, Олон улсын байгууллагаас зээл тусламж өгч байна. Вакцин худалдаж авахаар 50 сая ам.долларын зээлийн хүсэлт явуулчихсан байна. Тухайлбал, вакцин авах 50 сая ам.долларыг зээлийн хөрөнгөөр бус төсөвт суулгана гэвэл энэ хэрээр бүтээн байгуулалтын ажил царцана. Цаг алдана. Цаг алдаж байхын оронд хугацаа хожиж, зээлээ төлж байсан нь дээр биз дээ. Гэтэл улс төрийн агуулгатай шинжээчид маань Хөнгөн болон хүнд үйлдвэрлэл жигд сайн хөгжсөн орнуудын эдийн засгийн загварыг Монгол Улсын хөрсөн дээр хуулан ярьж байгаа нь зүйд нийцэх үү, үгүй юу. Бидэнд экспортын чиглэлд нэг ч үйлдвэр алга. Хүнд үйлдвэрийн чиглэлд баяжуулж байгааг үгүйсгээгүй шүү. Гэхдээ л Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болох нүүрсээ түүхий л гаргаж байна шүү дээ. Энд мэдлэг нь хэтийдэж Монгол Улсаас хальсан “том” эдийн засагчдын ч хэрэг алга. Дөрвөн аргын тоо мэддэг хэн ч бодож сэхээрэхээр үйл явдал өрнөж байна. Энд ард түмэндээ “юм” өгөх гэж “том” бодлого ярьсан улстөрчдийн ч хэрэг алга. Нэг өрхийн төсөв барьж байгаа хүн л зохицуулчихаар үйл явдлын өмнө зогсож байна. Хоосон онол, худлаа улстөржилтөө зогсооход л болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл 2020 оны төсөвт хориг тавихдаа “2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна” хэмээж байв. Тухайн үед 270 гаруй барилга байшинг царцаах тухай хориг оруулж ирж л байсан. Энэ нь Ерөнхийлөгч өөрийнхөө инстутцид хэтэрхий популист улстөрчид цуглуулсан учраас тэднийхээ үзэл бодолд тулгуурласан хэрэг. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй учраас бүтээн байгуулалтын олон ажил өрнөж, зарим нэг нь үүд хаалгаа нээлээ. Зарим нь он дамжсан төсөвтэй баригдаж байна. Үлдэгдэл, шаардагдах хөрөнгийг 2021 оны төсөвт ч суулгаад өгчээ.
Тэрээр ирэх 2021 оны төсөвт мөн хориг тавьчихлаа. Гэхдээ инстутцидээ цуглуулсан дарга, зөвлөх нэртэй хүмүүс нь холдсон учраас арай эрүүл ишлэл дурдан хориг тавьжээ. Ямартай ч бүтээн байгуулалтын ажлыг хорьсонгүй. Ерөнхийлөгчийн хоригт авууштай санаа, сэрж санах зүйл байсан уу гэвэл байсан. Гагцхүү эрх баригчид хүлээж аваагүй. Юуны өмнө тэрээр төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулахыг шаардсан нь үгүйсгэх зүйл биш. Тэрээр хориг тавихдаа өөрийн гаргаж байсан санаачилгаа ч дурдахаа мартсангүй. Тухайлбал, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгохыг шаардав. Бараг л шантааж маягийн улс төр ч гэж харж болохоор. Бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого ийм хэмжээнд хормой дор, ханцуй дотор улстөржих нь элбэг. Тиймээс төр нь төр шиг байж, хоосон цэцэрхэл, популист улстөрчдийн үгнээс хол явахад болох юм шиг ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН