Дэлхий

Бакуд болсон Уулын Карабахын ялалтын баярт Туркийн ерөнхийлөгч цэргүүдтэйгээ хамт оролцжээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу Пүрэв гарагт Азербайжаны эрх баригчид Уулын Карабахын газар нутгаа Арменийн салан тусгаарлагчдаас буцааж авсны ялалтын баярыг тэмдэглэжээ.

Энэ үеэр орчин үеийн зэвсэг техник оролцуулсан цэргийн сүрт парадыг зохион байгуулсан байна. Ялалтын баярт Азербайжаны холбоотон Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган оролцож, цэргийн парадад тус улсын зэвсэгт хүчний алба хаагчид жагсжээ.

Турк улс нь Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний үеэр угсаа гаралт нэгт Азербайжаны талд зогсож, хүн хүч, зэр зэвсгээр дэмжиж байсан юм.

Азербайжаны эрх баригчид өчигдөр Уулын Карабахт амиа алдсан 2,700 цэргийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Энэ үеэр Туркийн ерөнхийлөгч Эрдоган гал зогсоох гэрээгээ зөрчиж, Уулын Карабахт салан тусгаарлах ажиллагаа дахин эхлүүлэхгүй байхыг Армени улсад хатуу анхааруулсан байна.

“Хэрвээ Арменийн ард түмэн Уулын Карабахын дайнаас суралцаж чадвал бүс нутагт шинэ эрин үе эхлэх болно” гэж Эрдоган хэлсэн үгэндээ анхааруулжээ.

Энэ долоо хоногийн эхээр Арменийн засгийн газар хөрш Азербайжаныг эзлэн авсан газар нутагтаа армени үндэстнүүдийн эсрэг “цэвэрлэх” ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан юм.

Үүнээс гадна Армени улс нь 1915 онд Оттоманы эзэнт гүрэн 1.5 сая армени хүний амийг хөнөөж, геноцид үйлдсэн гэж үздэг ч өнөөдрийн Туркийн эрх баригчид үүнийг эрс үгүйсгэдэг.

Эрдоганы Бакуд хийсэн айлчлал, хэлсэн үг болон Туркийн цэргийн жагсаал нь түүхийн энэ шархыг хөндсөн хэрэг болжээ.

 

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version