Улс төр
Т.Аюурсайхан: Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах шаардлагатай
УИХ-ын чуулганаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ч хэрэгжилт дээр нь анхаармаар байна. Зарим хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүн дээр УИХ-аас анхаарч, шаардлагатай бол хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Тогтоолын хэрэгжилтийг хянах асуудлыг Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгасан. Тиймээс хоёр байнгын хороо хамтраад, хэрэгжилтийг сонсоод, зохих үүрэг чиглэлээ өгөөд ажлыг шахаж урагшлуулах шаардлагатай гэж үзэж байна. Тогтоол дээр хэд хэдэн зүйл байгаа.
Дубайн гэрээг Монгол Улсын шүүх хууль бус гэж дүгнэсэн. Яагаад гэвэл Дубайн гэрээг байгуулах эрхийг өгсөн тэр шийдвэр нь өөрөө хууль бус гэдэг нь шүүх дээр тогтоогдсон.
Тогтоолоор Дубайн гэрээг хуульд нийцүүлэн өөрчлөөд, ингэхдээ Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаас ажилла гэдэг үүргийг өгсөн. Хэрвээ ингэж чадахгүй юм бол УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт дээр Дубайн гэрээг цуцлах арга хэмжээг авна гэж тусгасан.
Хоёрдугаарт, усны асуудал байна. Секундэд 800 гаруй литр усыг говиос Оюутолгой төсөл рүү татаж байгаа ч нэмээд тонн орчим болгосон. Говийн ус бол өндөр ач холбогдолтой.
Оюутолгойд өгсөн Засгийн газрын үүргийг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын тавдугаар зүйлээр тодорхой зааж өгсөн. Төр өөрийнхөө эзэмшлийг оруулаад, ашиглаад, гэрээ хэлэлцээр хийгээд явах ёстой байтал хувийн хэвшлийн юмыг шууд булааж аваад Оюутолгойн гаднын хөрөнгө оруулагч нарт өгсөн тогтоол юм. Энэ асуудлуудыг цаашид нэн яаралтайгаар шийдэж өгөөч” гэлээ.