Улс төр

Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулахдаа “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглана

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай, нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай гурван тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр боловсруулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. “New Image Cast” санал тоолох төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, тус улс сонгуулийн санал хураалтдаа ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70.2 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлыг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардалд багтаан явуулахаар төслийг боловсруулсан байна. Тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгууль зохион байгуулагдаж байгаа талаар тайлбар хийв. Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь дэмжиж, 79.1 хувийн дэмжлэгээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Exit mobile version