Дэлхий

Япон, Өмнөд Солонгост цар тахал оргилдоо хүрч, Германд хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн

Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 1,030 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

Энэ нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол юм. Бямба гарагт 950 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Шинэ 1,030 тохиолдлын 1,002 нь дотоодод дамжсан халдвар бол 70 хувь нь нийслэл Сөүл орчимд илэрсэн байна. Сүүлийн байдлаар Өмнөд Солонгост бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 42,766 болж, 580 хүн нас баржээ.

Бямба гарагт тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин вирусийн халдварыг хязгаарлах ажилд цэрэг, цагдаагийн хүчийг дайчлах шийдвэр гаргасан юм. Хэрвээ халдвар энэ хэвээр нэмэгдвэл онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ гэдгээ Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Си Кюн өнгөрсөн Бямба гарагт мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хөрш Япон улсад мөн нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдол хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Ням гарагт тус улсад халдварын 3,030 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа нэг өдөрт 3,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдсэн хэрэг байв.

Шинэ тохиолдлуудын 621 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Энэ онд нийтдээ 177,287 хүн коронавирусийн халдвар авч, 2,562 хүн нас барсныг тус улсын эрүүл мэндийн яам Ням гарагт зарлажээ.

Японд цар тахал эрчимжсэний улмаас ерөнхий сайд Ёшихиде Сүгагийн рэйтинг 20 нэгж хувиар унаад байна. Ерөнхий сайдын албан тушаалт томилогдсон эхний гурван сарын хугацаанд түүний рэйтинг 70 орчим хувьтай байжээ.

Японы компаниудын 90 шахуу хувь нь энэ онд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдсэнийг сүүлийн судалгааны үр дүн харуулсан байна.

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улс Германд энэ Лхагва гарагаас эхлэн хөл хорионы хатуу дэглэм үйлчлэхээр болжээ. Нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр ихэнх дэлгүүрүүд болон бүх сургуулиуд хаагдах гэнэ.

Компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах, эсвэл амраах шаардлагатай болж байна.

Германы канцлерь Ангела Меркель тус улсын 16 мужийн удирдлагатай Ням гарагт хуралдсаны эцэст ийм шийдвэр гаргажээ.

Герман улсад сүүлийн хэдэн долоо хоногт өдөр бүр 20,000 орчим халдварын тохиолдол шинээр нэмэгдэж байгаа нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters, Associated Press

Exit mobile version