Эдийн засаг

Монголбанкны хямд мөнгө арилжааны банкуудад зээл гаргах сонирхол төрүүлсэнгүй

Нийтэлсэн

Энэ нь юунаас харагдаж байна гэхээр арилжааны банкуудын худалдаж авсан Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.4 их наяд төгрөг болж, 2020 он гарснаас бараг л хоёр дахин өсөв. Уг нь Монголбанкны тооцоогоор бодлогын хүүг бууруулах тусам, арилжааны банкуудын Төв банкны үнэт цаас худалдан авах сонирхол буурч, зээл олголтоор эдийн засгаа дэмжих ёстой байлаа. Гэвч байдал эсрэгээрээ эргэж, өнгөрсөн есдүгээр сараас хойш 3.3 их наяд төгрөгөөр өссөнийг зургаас харж болно. Өөрөөр хэлбэл, Монголбанк бодлогын хүүгээ бууруулах замаар арилжааны банкуудын зээл олголтыг нэмэгдүүлэх алхам хийсэн ч үр дүнгээ өгөхгүй байна гэсэн үг. Энэ мэтээр Монголбанк улирч буй 2020 онд бодлогын хүүг нийтдээ дөрвөн удаа буурууллаа. Бодлогын хүү бол төв банк арилжааны банкуудад хугацаатай өрийн бичиг болох Төв банкны үнэт цаас үйлдэж өгөөд хугацаа нь дуусмагц төлж буй хүү төлбөрийн хэмжээ.

Цар тахлын гэх тодотголтой тэдгээр шийдвэрийн нөлөөгөөр эдийн засгаа дэмжих зорилготой байсан нь онолын хувьд боломжтой мэт. Харин цар тахлын хөл хорио бодлогын хүүний нөлөөллийг хорьж орхилоо.

Хорио цээрийн нөхцөлд нэг талаасаа аж ахуйн нэгжүүдэд зээл нэмж авах боломж алга, нөгөө талаасаа арилжааны банкуудад чанаргүй зээл үйлдвэрлэх сонирхол төрөхгүй нь мэдээж. Арилжааны банкууд төв банкны бодлогын хүүнээс өндөр хүүгээр зээл гарсан ч үйл ажиллагаа нь доголдсон бизнесүүд хэрхэн яаж ч хичээгээд авсан зээлээ эргүүлэн төлж дөнгөхгүй. Товчхондоо, эдийн засгийн бүх салбарт хоригт өртсөн энэ үед арилжааны банкууд хамгийн найдвартай Төв банкны үнэт цаасан илүүдэл хөрөнгөө хийж байна. Мөн энэ он гарсаар зээлийн өсөлт өдөр ирэх тусам муудаж байгааг Үндэсний статистикийн хорооны тайлан илтгэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн аравдугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 139.1 тэрбум төгрөгөөр, жилийн өмнөхөөс 993.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ ч 11.6 хувьд хүрч өссөн. Энэ бол арилжааны банкуудын зээлээ хумьж эхэлснийг илтгэх үзүүлэлт. Харин хөл хорионоос хойш МҮХАҮТ-ын судалгаанд 3530 бизнес эрхлэгчийн хувьд 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр, 55 хувь нь ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэж хариулсан байгаа юм. Дээр нь бизнес эрхлэгчдийн 41 хувь нь Засгийн газраас зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах дэмжлэг хүссэн байна.

Тэгвэл үүнийг орлуулахаар Монголбанк уламжлал бус мөнгөний бодлого буюу мөнгө хэвлэх арга хэмжээ авч эхэлсэн. Мөнгөний бодлогын хорооны хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрээс үүнийг тодорхой харж болно. Тэд КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилт гаргахаар болсон. Репо арилжаа гэж байгаа энэхүү санхүүжилтийг төв банк мөнгө хэвлэж олгохоос өөр гарцгүй. Зээлийн хэмжээ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхай бус салбарын зээлийн дээд хэмжээ нэг тэрбум байхаар тогтоожээ. Нөхцөлийн хувьд хоёр жилээс дээш хугацаатай, Монголбанкны бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй байх аж. Бодлогын хүү зургаан хувь байгаа одоогийн нөхцөлд банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байна, үндсэн төлбөрөөс зургаан чөлөөлнө гэдгийг Монголбанкны газрын захирал А.Энхжин хэлсэн байна.

Ер нь бол хорио цээртэй үед төв банк мөнгө хэвлэн зээл гаргаад ч хамгийн таатай нөхцөл нь 10.5 хувийн хүүтэй байна. Гэтэл арилжааны банкуудын аравдугаар сард олгосон зээлийн дундаж хүү 16 хувьтай буюу Төв банкны үнэт цаасны хүүнээс 10 хувиар илүү байгаа. Энэ нь арилжааны банкуудын Төв банкны үнэт цаасанд хөрөнгөө хийх сонирхлыг илтгэнэ. Эцэст нь Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөх замаар эдийн засагт эргэлдэж буй мөнгийг удирддаг ч цар тахлын дэгдэлт бүрэн намжих хүртэл үр дүнгээ өгөхгүй гэдгийг Төв банкны үнэт цаас өсөлт харуулж байгаа. Тиймээс цар тахлын нөлөөллийн хугацаа уртсах тусам мөнгө хэвлэх замаар репо арилжааг нэмэгдүүлэх нь магадлал өндөр болж ирлээ. Төв банкны үнэт цаас, хэвлэсэн мөнгө аль аль нь улсын төсөвт ачаалал авчирна. Төв банкны тухай хуулиар Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс шууд санхүүжүүлдэг.

Exit mobile version