Нийгэм

Ц.Оюун-Эрдэнэ: Монгол жолооч нар хил дээр амиа алдахад ойрхон байна

Нийтэлсэн

Дотоодод халдвар тархсантай холбогдуулан Алтанбулаг боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоосон. Үүнээс үүдэн ачаа тээвэрт явсан жолооч нар хил нэвтэрч, Монгол руу орж ирэх боломжгүй болж  ОХУ-д гацаад байна. Энэ талаар тус боомтод гацсан жолооч Ц.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Олон жолооч ОХУ-д гацаад, Монгол руугаа нэвтэрч чадахгүй нэг сар болж байгаа гэж сонслоо. Одоо та бүхний нөхцөл байдал ямар байна?

-ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод ачаа тээвэрлэж ирээд Монгол руугаа буцаж чадахгүй гацаад бараг нэг сар болж байна. Арваннэгдүгээр сарын 16-нд ирээд, ачаагаа хүлээлгэж өгч амжаагүй, дарааллаа хүлээж байтал Алтанбулаг боомтыг хаачихсан. Одоо Хиагт хотод 20 гаруй Монгол жолоочоос гадна ОХУ, Беларусийн жолооч нар бас байна. Тун удахгүй шинэ он гарах гэж байтал бид гэртээ очиж чадахгүй, хэзээ очих нь тодорхойгүй хугацаагаар ОХУ-д гацаад тун хүнд нөхцөл байдалд хүрлээ. Хоол хүнс, түлш эхнээсээ дуусч, зарим жолоочийн бие муудаж эхлээд байна. Тухайлбал, 47 настай нэг жолоочийн бие өвдөж, түргэн дуудаж үзүүлтэл “Даралт нь хэлбэлзсэн, бие нь таагүй байна. Хэвтрийн дэглэм сахь” гэсэн. Оросын халдварын тархалт өндөр, өөр орны хүн байтугай өөрийн улсын иргэнээ хэвтүүлэх зай эмнэлэгт нь байхгүй болсон. Энэ жолоочийг хүлээж авахгүй, эмчлэхгүй гэсэн. Тиймээс машиндаа хэвтрийн дэглэм сахиж, бид хоол хүнс дөхүүлж өгч байгаа. Эхнээсээ энд гацсан жолооч нар амиа алдахад тун ойрхон байхад бидэнтэй хэн ч холбогдоогүй. Огт тоохгүй байна. Монгол руу хэзээ нэвтрүүлэх талаар ямар ч газраас нэг ч албан тушаалтан хариу өгсөнгүй. Яах учраа олохгүй байна.

-Алтанбулаг боомтоос та бүхэнд ямар нэгэн хариу өгөөгүй юу. Хүн ирж уулзаагүй гэж үү?

-Бид нарыг хэзээ дотогш нэвтрүүлэх, Монгол руу буцаах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Хэн ч холбогдоогүй. ОХУ-ын  Гаалийн газар “Манай хилийн боомтууд байнга ажиллаж байгаа. Харин Монгол Улс хилээ хаагаад оруулахгүй гэснээс өөр ямар нэгэн хариу өгөхгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн. Улсын онцгой комисс нь хилийн цаана гацсан жолооч нарынхаа талаар хэвлэлээр ганц ч удаа ярьсангүй. Биднийг хэзээ хилээр нэвтрүүлэх бол гэж чих тавин хүлээж байхад ямар ч хариу алга. Хэн ч бидэнтэй холбогдсонгүй. Энд гацсаныг мэдээгүй мэт таг чиг. Хоол хүнсгүй, түлшгүй, байрлах газаргүйгээс Монгол жолооч нар чинь хил дээр хөлдөж үхлээ. Зарим жолоочийн бие муудсан энд эмнэлэг нь хүлээж авахгүй, биднийг тоохгүй байна. Одоо бид яах ёстой, хаана хандах ёстой учраа олохгүй тун хэцүүхэн байна.

-Сарын хугацаанд машиндаа байрласан юм уу?

-Маскаа зүүгээд, гараа ариутгаад, дэлгүүрээс ойр зуурын хүнс авч, тус тусын машиндаа хоол хийж идэж байна. Хиагт хотод өдөртөө -25-27 градус, шөнөдөө -30 градус хүртэл хүйтэрч байна.Тиймээс машиндаа хоносноос буудалд байрлъя гэтэл “Монгол Улсад халдвар тархчихсан” гэсэн шалтгаанаар  биднийг хүлээж аваагүй.  Уг нь коронавирусын шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй юм. Өдрийн 24 цаг байнга машинаа асааж, унтраахад өдөрт 200 мянган төгрөгийг  түлшиндээ зарцуулаад, ачсан ачааныхаа мөнгийг урьдчилж зээлж аваад дууслаа. Сар шахам хугацаанд өдрийн 200 мянган төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулсаар цааш олон хоног бид тэсэх боломжгүй боллоо. Мөн халдварын тархалт их гээд энэ хотын дэлгүүр, цайны газар нь ихэнхдээ хаалттай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)

Exit mobile version