Нийгэм
Хот хооронд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Энэхүү алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрлаж байна.
Өнөөдөр /2020.12.10/ Хот хооронд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 40 гаруй жолооч 5000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 30ш комбинзан, 100 хос бээлий, 50ш гар ариутгагчаар хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг жолооч нарын төлөөлөл Г.Энхтөр, н.Өлзийхутаг нар аймгийн Онцгой комиссод гардуулан өглөө.
Тусламжийг Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.
Аймгийн Онцгой комисс ард иргэд, аж ахуй нэгжийн хүмүүнлэгийн тусламжийг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын 11:00 цагт хүлээн авч, олон нийтэд ил тод мэдээлж байна.