Нийгэм

Г.Балжинням: Хэрэглээ огцом өссөнөөс Төвийн бүсийн эрчим хүчний систем ослын нөхцөлд ажиллаж байна

Нийтэлсэн

Засгийн газрын өчигдрийн /2020.12.13/ ээлжит бус хуралдаанаар цахилгаан, дулаан, усны төлбөрийг 12-р сарын 1-нээс 2021 оны долоодугаар 1-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсан даруйд орон даяар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цахилгааны үнийг тэглэх Засгийн газрын шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дүгнэсэн ч иргэдийг эрчим хүчээ хэмнэж хэрэглэхийг уриаллаа.

Ерөнхийлөгчийн уриалгад:

…Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх зохих арга хэмжээг авч, иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усыг ухамсартайгаар хэрэглэх шаардлагатай. Учир нь, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВт хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай. Гэтэл -30 хэмийн өвлийн хүйтэн ид дундаа орж, (идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй байгаа) эдгээр саруудад эрчим хүчний огцом хэрэглээ бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй. Тухайлбал, өчигдөр оройн байдлаар, цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна… хэмээжээ.

Иргэдийн цахилгааны хэрэглээ нэг хоногийн дотор огцом нэмэгдсэнийг Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням өнөөдөр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр тайлбарласныг уншигчдадаа сануулга, сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, Монгол Улсын нийт газар нутгийн 70-80 хувийг эрчим хүчээр хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал өнөөдрийн /2020.12.14/ 18.00 цагийн байдлаар 1218 МВт хүрсэн нь ачаалал эрс нэмэгдэж, ослын нөхцөлд ажиллаж буй үзүүлэлт. Үүний 777 МВт-ыг Улаанбаатар хот хэрэглэж байгаа нь хяналтын самбарт улаан өнгөөр тэмдэглэгдэн харагдаж байна. Манай улс ОХУ-аас 235 МВт эрчим хүч авчахад хүрлээ. Төвийн бүсийн эрчим хүчний систем эрчим хүчний огцом өссөн хэрэглээнээс болж аваарын нөхцөлд ажиллаж байна.

Хэрэв техникийн хүчин чадлаас давсан тохиолдолд цахилгааны станцын автомат системүүд ажиллаж, тоног төхөөрөмжөө хамгаалахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслахаас аргагүй болдог хэмээн тайлбарлав.

Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ хэрхэн өссөнийг тодруулахад, Засгийн газрын цахилгаан тэглэсэн шийдвэр гарснаас хойш цахилгаан эрчим хүчний хэрэглээ 50 гаруй МВт-аар өссөн. Иргэд тоног төхөөрөмжийн хүчин чадлаас давсан халаагуур, цахилгаан хэрэгслийг залгасан тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугам, трансформатор, дэд станцын хүчин чадал нэмэгдэх гэмтэл гарах эрсдэлтэй гэлээ.

Exit mobile version