Дэлхий

Citigroup: Юанийн ханш сүүлийн 30 жилийн оргилд хүрч болзошгүй

Нийтэлсэн

БНХАУ-ын бонд, хувьцааны зах зээлийг чиглэх мөнгөний урсгал нэмэгдсэнээр юанийн ханш сүүлийн 30 жилийн дээд түвшинд хүрч магадгүй байна.

“Citigroup”-ийн БНХАУ-ыг хариуцсан ерөнхий эдийн засагч Лью Ган “2021 онд юаниар нэрлэгдсэн үнэт цаасанд гадаад валютаар хийх хөрөнгө оруулалтын “их үер” бууна. Учир нь эдгээр үнэт цааснууд дэлхийн аль ч бүсээс илүү өгөөжтэйгөөс гадна харьцангуй эрсдэл бага” гэж байсан юм. Түүний тооцооллоор юанийн ханш ирэх онд 10 хувиар өсөж, зургаан нэгж нь нэг ам.доллартой тэнцэх түвшинд хүрнэ. Эсвэл үүнээс ч илүү чангарч болзошгүй байгаа аж.

БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хямралаас амжилттай сэргэж, хөл хориогоо сулласнаар юанийн ханш тавдугаар сараас хойш эрчимтэй өсөх болсон байна. Энэ онд гаднын хөрөнгө оруулалтын сангууд оншор бонд болон хувьцааны эзэмшлээ 30 хувиар гаруй нэмэгдүүлсэн нь түүхэн үзүүлэлт болжээ. Цаашид ханш хэт чангарвал БНХАУ-ын макро эдийн засгийн бодлогод нөлөөлөхүйц хүндрэл учруулж болзошгүйг сануулж байна.

Exit mobile version