Эдийн засаг
Б.Мөнхзул: Үндэсний үйлдвэрлэлээ НӨАТ-ын бодлогоор дэмжих хэрэгтэй
“Жүр үр” компанийн захирал Б.Мөнхзулыг Бизнес, хөгжил буландаа урьж ярилцав.
-Хөл хорио манай үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаа болон эдийн засагт муугаар нөлөөлж байна. Гэхдээ бэрхшээлийг боломж болгон зохицуулах боломж бий гэдэг. “Жүр үр” компани “COVID-19” -ийн энэ хүнд үед 900 орчим ажилтныхаа ажлын байрыг хадгалж үлдэж байгаа гэсэн гэгээлэг мэдээг сонсоод баяртай байна. Бэрхшээлийг хэрхэн даван туулж байна вэ?
-Цар тахлын дам нөлөөлөл энэ оны эхнээс бүх салбарт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Харин одоо цар тахлыг дотооддоо алдаж хориглолтын арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлснээр бизнесийн бүхий л салбар гүнзгий хямралд орж эхэллээ.
Хэдийгээр хүнсний салбарын үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч иргэдийн ихэнх нь гэртээ хоригдсон эсвэл орлогогүй, орлого нь буурч байгаа учраас гол нэрийн хүнсний бараанаас бусад бүтээгдэхүүний борлуулалт эрс бууралттай байна. Манай компанийн хувьд орлого 60 хүртэл хувиар буураад байгаа хэдий ч ажлын байраа бүрэн хамгаалж учраад байгаа бэрхшээлийг амжилттай даван туулахын төлөө 900 орчим ажиллагсадтайгаа нягт хамтран маш их хичээн ажиллаж байна.
Одоогоор нэг ч ажлын байрыг цомхтгоогүй, бүх ажиллагсдаа шинэчилсэн цагийн хуваарь гарган сэлгэн ажиллуулах, боломжтой ажлуудыг цахим хэлбэрт шилжүүлэх, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг өөрөө хүсвэл цалинтай чөлөө олгох зэрэг боломжтой бүхий л хувилбаруудыг ашиглан ажиллаж байна. Бэрхшээл учрахад хүндрэлтэй тулгардаг ч нөгөө талаар хөгжүүлэлт, давуу талуудыг бий болгодог. Манай хамт олон ч технологийн давуу талуудыг өргөнөөр ашиглах, үйл ажиллагаагаа нягтруулах, зардлаа бууруулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлуудыг санаачлан хийж байна.
-Танай цахим хуудсыг эргүүлэхэд танай хамт олноос ажлын байрыг минь хадгалж байгаа удирдлагууддаа талархсан сэтгэгдэл олон байсан. Мөн эерэг сэтгэгдэл төрүүлэх олон ажлыг өрнүүлсэн харагдана билээ?
-Манай компани хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Бейкер үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдгийг хүн бүхэн андахгүй. Жүр үрчүүд “Аз жаргалаа хуваалцъя” уриатайгаар өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан хүмүүст аз жаргал түгээхээр энэ хүнд өдрүүдэд хичээн ажиллаж байна. Өмнө ч ингэж ажиллахыг эрмэлзсээр ирсэн. Бид хэрэглэгчдэдээ дэлхийн жишиг, монгол хүний таашаалд нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг чин сэтгэлээ зориулан хийж хэрэглэгчдийнхээ орлогод нийцсэн үнээр, стандартын шаардлага, тав тухыг хангасан салбаруудаараа дамжуулан хүргэн үйлчилдэг.
Манай компанийн хувьд орлого 60 хүртэл хувиар буураад байгаа хэдий ч ажлын байраа бүрэн хамгаалж учраад байгаа бэрхшээлийг амжилттай даван туулахын төлөө 900 орчим ажиллагсадтайгаа нягт хамтран маш их хичээн ажиллаж байна.
Манай хамт олон бялуу, бейкер салбарыг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж, үндэсний брэндийг үүсгэн хөгжүүлж, 900 орчим гэр бүлийн амьдралын нэгэн түшиг нь болохын зэрэгцээ улсын төсвийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байгаа баялаг бүтээгчид гэдгээрээ маш их бахархдаг.
Манай компани 2019 оны байдлаар Монгол улсынхаа хөгжил, сайн сайхны төлөө 6.7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлөөд байна. Хүмүүст аль болох бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ эерэг хандлага түгээх нь манай компанийн гол уриа. Энэ хүнд үед ч гэсэн дархлаа сэргээхэд эерэг хандлага чухал гэдгийг мэдэрч дор бүрнээ хичээж байна.
Гэхдээ юм бүхэн хязгаартай байдгийн адил компанийн боломж ч хязгаартай тул Засгийн газрын зүгээс зөв бодлогоор, хурдтай, ур чадвартай ажиллахгүй бол урт хугацаагаар бие даан тэсвэрлэх боломжгүй нь тодорхой. Хүн төрөлхтөн цар тахлын аюултай тулгараад байгаа энэ онцгой нөхцөлд татвар төлж улсын төсвийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн салбарт хөдөлмөр эрхэлж, даатгал төлөгчдөд ажилгүйдлийн даатгалын сангаас зохих хэмжээгээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ нь даатгалын үр өгөөжийг мэдрүүлэх, улмаар даатгал төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж бодож байна. Онцгой нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны төсвөө яаралтай тодотгох, төр шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтаасаа татгалзах замаар улсын төсвийн 80 хувь, ажлын байрны 90 орчим хувийг хангадаг хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай.
-“Аз жаргалаа хуваалцъя” уриатай танай компани байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчдийн итгэлтэй түнш байсаар ирсэн. Нэр нь хүртэл үеийн үед үр жимсээ өгч өсөж дэвжиж байхыг бэлгэдсэн санагддаг. Анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бэ?
-“Жүр үр” компани маань 1992 онд Жүр үр хувиараа эрхлэх аж ахуй нэрээр байгуулагдан хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж байгаад 1998 онд анхны бялуугаа үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсэн түүхтэй. Тухайн үед нийтээрээ орлого бага, мөнгөний хомсдол, хүрэлцээгүй байдалтай, хямд бүтээгдэхүүнийг илүү сонгон хэрэглэдэг, эдийн засгийн хувьд хүнд үе байсан. Гэвч бид чанартай, гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүмүүсийн амьдралд өчүүхэн ч гэсэн баяр, жаргал нэмэх зорилго тавин ажиллаж эхэлсэн.
Тухайн үед худалдаалагдаж байсан хамгийн чанартай, үнэтэй түүхий эдийг ашиглан сав баглааг нь хүртэл өвөрмөц байдлаар шийдэж бялуугаа үйлдвэрлэсэн маань хүмүүст таалагдаж бидэнд урам өгч бизнесээ эхлүүлсэн.
Төрийн зүгээс мэдээж Монгол Улсаа хөгжүүлэх, хүчирхэг болгохын төлөө хичээн ажилладаг байх. Гэвч амьдрал дээр саад бэрхшээл учруулсан, өрөөсгөл шийдвэрлэсэн асуудлууд олон бий.
Тухайн үед залуу гэр бүлүүд амьдралаа сайжруулахыг зорин бизнесээ эхлүүлж байсан бол одоо Монгол Улсын бялуу, бэйкерийн салбарыг хөгжүүлэх, ажиллагсдаа хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь дэмжлэг болох, эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол брэндийн нэр хүндийг өргөх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой болон өргөжжээ.
Анх гурвуулаа нэг төрлийн бялуу үйлдвэрлэж эхэлсэн бол энэ 22 жилийн хугацаанд 900 орчим ажиллагсадтай, 30 гаруй нэрийн бялуу, 100 гаруй төрлийн бэйкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотуудад өөрийн 17 салбар, супермаркетуудад найман салбартай, худалдааны томоохон бүх сүлжээ, дэлгүүрүүд, түргэн хоолны сүлжээнүүдтэй хамтран ажилладаг Монгол улсын ТОП 100 компанийн нэгээр 2016 оноос хойш гурван удаа шалгарсан амжилттай компани болон өргөжин хөгжсөн.
-Төрөөс танай салбарын хөгжилд нөлөөлөхүйц шийдвэр ер нь гардаг уу. Цаашид юунд анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Төрийн зүгээс мэдээж Монгол Улсаа хөгжүүлэх, хүчирхэг болгохын төлөө хичээн ажилладаг байх. Гэвч амьдрал дээр саад бэрхшээл учруулсан, өрөөсгөл шийдвэрлэсэн асуудлууд олон бий. Манай улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодитой, тэгш шударга бодлого байдаггүй. Тухайлбал, өөрийн салбарт байгаа хоёрхон асуудлыг жишээ болгон яръя. Нэгдүгээрт, дэлхийн нийтлэг жишиг нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин бойжуулахын тулд наад зах нь дотоодын үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг импортын барааны НӨАТ-аас доогуур тогтоодог.
Манай улсад ялгаварлалгүй бүх бараанд арван хувийн НӨАТ ногдуулдаг. Нөгөө талаар лобби маягаар зарим салбараа НӨАТ-аас хэсэгчлэн чөлөөлсөн нь гинжин хэлхээнд хамтран ажилладаг бусад салбарт хүндрэл учруулдаг. Жишээлбэл, манай салбарт гэвэл дотоодын гурил үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлдөг бол тухайн гурилын хамгийн том хэрэглэгчид болох гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь арван хувийн НӨАТ төлдөг нь татварын ачааллыг нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлж дарамт үүсгэж байгаа хэрэг. Зүй нь 2-5 хувиар ч юм уу дор бүрнээ татвараа төлдөг зохицуулалттай байвал шударга бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг жигд дэмжих оновчтой бодлого болохсон.
Харин манай гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл төрийн бодлогоос гадуур үлдсэнээр 2015 оноос хойш дөнгөж 14 хувиар өссөн, харин энэ төрлийн бүтээгдэхүүний импорт жил бүр нэмэгдсээр байна.
Дотоодын үйлдвэрлэгчдэд жигд, импортын бараанаас доогуур НӨАТ тогтоосноор дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үнээр өрсөлдөх чадвартай болж зах зээлээ хамгаалж улмаар экспортын бүтээгдэхүүн болон хөгжихөд чухал нөлөөтэй.
Хоёрдугаарт, “Атрын-III, IV” аян, мах сүүний аян өрнүүлж хөнгөлөлттэй зээл, дэмжлэг олгож, олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, НӨАТ-аас чөлөөлснөөр 2013 оноос хойш энэ салбарууд огцом өсөж одоо дотоодын хэрэгцээний гурилаа бүрэн хангадаг, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт 80 хувиар буурч, мах сүүний үйлдвэрлэл хоёр дахин өсөж, махны экспорт жилээс жилд нэмэгдэн бодитой үр дүн гарсаар байна.
Харин манай гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл төрийн бодлогоос гадуур үлдсэнээр 2015 оноос хойш дөнгөж 14 хувиар өссөн, харин энэ төрлийн бүтээгдэхүүний импорт жил бүр нэмэгдсээр байна. ХХААХҮЯ нь хөдөө аж ахуйд түлхүү хандсан бодлого хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай санагддаг.
-Цаашид танай салбарын хөгжил ирээдүйд энэ хэвээр үргэлжилбэл юунд хүрэх бол?
-Цаг үеийн хөгжлөө дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг, гэр бүлийн бүтэц, зан төлөв байнга хувьсан өөрчлөгдсөөр байна. Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд хүрэлцээтэй байдлыг чухалчилдаг байсан бол одоо амттай, хүн бүр өөрийнхөө таашаалд нийцсэн, тохирсон хэмжээтэй, шинэхэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх болсон. Иймээс цаашид бэйкерийн салбар улам хөгжих, өргөжих болно. Хийхийг хүсэж, мөрөөдөж, зорьж, төлөвлөж байгаа ажил манай “Жүр үр”- ийн хамт олонд маш их бий.
-Засгийн газраас ус, дулаан,цахилгааны үнийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөхөөр боллоо. Энэ шийдвэр үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болж байх шиг байна?
–Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас гаргасан анхны шийдвэр болох 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй НДШ, ХХОАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш оновчтой дэмжлэг болсон.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас гаргасан анхны шийдвэр болох 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй НДШ, ХХОАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш оновчтой дэмжлэг болсон.
Харин Засгийн газрын энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг боллоо. Сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь илүү иргэддээ чиглэсэн хандлагатай байгаа.
Үндсэн хуульдаа нийцүүлэн хүнлэг шийдвэрүүд гаргаж байгаад талархаж байна. Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зогсонги байдалд ороод байсан зарим салбаруудын үйл ажиллагааг нээлээ. Одоо иргэд, аж ахуйн нэгжүүд илүү хариуцлага, ухамсартай байдал, халдвар хамгааллын дүрмийг ягштал биелүүлэх, цахилгаан эрчим хүч, ус, дулаанаа хэмнэх зөв хандлага, хүчин чармайлт гаргах цаг үе тохиож байна.
-20 хүрэхгүй хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Бялуугүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн тухайд хэдийгээр хүмүүс хөл хорионд байгаа ч гэсэн бүгд бялуугаа авах нь тодорхой. Хэт их бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар зарим салбарт тусгай журам мөрдүүлэхээр болж байсан. Танайх хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Шинэ оноо угтах утга агуулга, өнгө чимэглэл гээд Шинэ жил хамгийн сайхан баяруудын нэг. Манай хамт олон та бүхний баярын ширээг чимэх амтат бялуугаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан компанийн түгээгчид болон CU сүлжээ дэлгүүртэй хамтран хүргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа. Мөн өөрийн салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Айлчлан ирж буй 2021 он маань айл бүрд аз жаргал, эх оронд маань хөгжил, эдийн засагт маань ахиц, эх дэлхийд минь амар амгаланг авчрах болтугай.