Дэлхий
Ванесса Брайантын ээж зээ нараа асарсан төлбөрт охиноосоо 5 сая ам.доллар нэхэмжилжээ
Алдарт сагсан бөмбөгч Коби Брайантын эхнэр Ванесса Брайантыг түүний ээж болох 68 настай София Лэйн шүүхэд өгчээ. Тэрбээр Кобигийн үхлийн дараа охин нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоож, гэрээсээ хөөсөн хэмээн буруутгаж буй юм.
София Лэйн сүүлийн 20 гаруй жилийн турш Брайантын гэр бүлийн хувийн туслах, асрагчаар ажилласан бөгөөд үүний хариуд Коби түүнийг насан туршид нь асран халамжилна гэж амласан гэж Лэйн мэдэгдэж буй юм. Иймээс тэрбээр 18 жилийн турш өдөрт 12 цагаар зээ нараа асарсан гэж мэдэгдэж, энэхүү “ажлын” хөлсийг нь цагийн 96 ам.доллароор тооцож барагдуулахыг шаардаж буй юм. Тэрбээр охиноосоо 5 сая ам.доллароос гадна хувийн байшин, Mercedes машин нэхэмжилсэн байна.
Харин түүний охин Ванесса Брайант ээждээ ямар ч мөнгө өгөхгүй гэдгээ US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэллээ. “Тэр манай хувийн туслах, асрагч байгаагүй. Харин эсрэгээрээ миний хүсэлтээр Коби бид хоёр түүнд бүх боломж бололцоогоороо тусалдаг байсан. Одоо тэр хүн 18 жилийн турш өдөрт 12 цагаар зээ нараа асарсан гэж нэг цагийн хөлсийг нь 96 ам.доллароор үнэлж, төлбөрийг барагдуулахыг шаардаж байна. Манай гэр бүлээс нийтдээ 5 сая ам.доллароос гадна байшин, Mercedes машин нэхэмжилсэн. Үнэндээ тэр миний том охидыг бага байхад хааяа л асардаг байсан. Түүний хэлж буй зүйлүүд бүгд худал. Гэсэн хэдий ч би ээжтэйгээ харилцаагаа сэргээхийг удаа дараа хичээсэн” гэв.