Дэлхий
Ахмад хос Зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэглэхээр 1400 модон тоглоом хийжээ
Калифорни хотноо амьдардаг ахмад хос удахгүй болох Зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэглэхээр 1400 модон тоглоомыг өөрсдийн гараар хийжээ.
Ахмад дайчин Майк Салливан болон түүний гэргий Жуди Салливан нар хамтран долоон жилийн өмнөөс модон тоглоом хийж заран өрхийн жижиг бизнес эрхэлж байгаа аж. 72 настай Майк “Тэтгэвэртээ гарсны дараа би уйдаж ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болсон. Эхнэр бид хоёр модоор гар урлал хийдэг клубт нэгдэн анхны тоглоомуудаа ач, зээ нартаа зориулж хийж байлаа. Зул сарын баяраар олон хүүхэд бидний бэлгийг аван баярлаж буйг харахыг хүсэж байна” гэжээ.
Энэ жил хамтын амьдралынхаа 50 жилийн ойг тэмдэглэсэн ахмад хос долоон жилийн хугацаанд олон мянган тоглоом хийжээ. Эхэндээ хоббигоороо хийдэг байсан зүйлс нь тэдний зорилго нь болон хувирчээ. Майк, Жуди хоёр өдрийн ихэнх цагийг дэлгүүртээ өнгөрөөдөг гэнэ.
Майкын ах нар нь мужаан байсан бөгөөд багад нь түүнд тоглоом хийж өгдөг байжээ. Майк “Бидний бие маш эрүүл чийрэг бөгөөд долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 8-10 цагийг дэлгүүр дээрээ өнгөрөөдөг. Хөгшин бид хоёр модоор тоглоомоо хийн хөгжилдөж яг л гэртээ байгаа мэт байдаг. Бид үүнийг хийж чадсаар л байх юм бол тоглоомуудаа боломжтой гэсэн газрууд руугаа илгээсээр байх болно” гэжээ.
Харин Жуди “Би тоглоомынхоо загварыг гаргах, чимэглэл болон нэмж будаж, зурах ажлыг хийдэг бол нөхөр маань ерөнхий биеийг гаргаж зорох гэх мэт ажлыг хийдэг. Модон тоглоом нь магадгүй хуучинсаг мэт боловч нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй давуу талтай юм” хэмээжээ.
Ахмад хос модоор машин, матар, заан, нугас гэх мэт тоглоом урлахаас гадна сэтгэхүй хөгжүүлэх төрлийг ч хийдэг ба тэдний 15 ач, зээ болон 4 гуч нь чанар шалгагчид гэнэ.
Тэд олон зуун тоглоомоо Коачеллагийн хүүхдийн асрамжийн газар, сүм хийдийн дэргэдэх цэцэрлэгт хүргэж өгч Индиана, Техас муж руу шуудангаар илгээжээ. Мэдээж тоглоомууд эзэндээ үнэ төлбөргүй хүрдэг бөгөөд шуудангийн болон тээвэрлэлтийн зардлыг тэд өөрсдөөсөө гаргадаг гэнэ. Асрах төвийн хөгжлийн газрын дарга Скотт Вулф “Тэд жил бүрийн Зул сараар манай төвийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэдэг. Бид тэдгээрийг нь хүүхдүүдийн тоглоомын өрөөнд байрлуулдаг ба хүүхдүүд маш дуртай тоглодог” гэжээ.
Эх сурвалж: CNN