Улс төр

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд анхаарал хандуулахаа илэрхийллээ

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай 12 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв.

Цахим уулзалтын үеэр талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлд харилцан дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бүх талын боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг солонгосын талаас хүссэн юм. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаагаа нотлоод цаашид ч БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд бид юу амжуулсныг дүгнэж, мөн ирэх 30 жилд Монгол, Солонгосын харилцааг ямар түвшинд хүргэхээр төсөөлж байгаа талаар санал бодлоо хуваалцсан юм. “Иж бүрэн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрсэн харилцааг цаашид улам гүнзгийрүүлж, ойрын үед харилцааны түвшинг ахиулахын сацуу дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхээр ярилцав.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.

Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Exit mobile version