Дэлхий

Жо Байден “COVID-19”-ийн вакцины анхны тунг олон нийтийн өмнө хийлгэлээ

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден коронавирусийн эсрэг вакцины анхны тунг олон нийтийн өмнө хийлгэсэн талаар CNN мэдээллээ. Тэрбээр Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн хамтран гарган авсан вакциныг хийлгэсэн бөгөөд нийтдээ хоёр тун тариулах ёстой аж. Жо Байден Делавэр мужийн Ньюарк эмнэлэгт вакцин хийлгэсэн бөгөөд энэхүү үйл явцыг CNN шууд дамжуулсан юм.

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн боловсруулсан  коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгож, хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн билээ. Үүний дараа тус улсын нөлөө бүхий албан тушаалтнууд олон нийтэд нээлттэйгээр вакциныг тариулах болсон.

Тухайлбал АНУ-ын Дэд ерөнхийлагч Майк Пенс өнгөрсөн бямба гарагт коронавирусийн вакциныг мөн адил телевизийн шууд бичлэгийн өмнө хийлгэсэн. Мөн Цэргийн эмнэлгийн албаны дарга, дэд адмирал Жером Адамс энэ сарын 18-нд хэвлэлийнхний өмнө коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенат дахь Бүгд Найрамдахчуудын олонхийн удирдагч Митч МакКоннелл зэрэг улстөрчид мөн нэгдсэн юм.

Exit mobile version