Нийгэм

Загасчилж яваад, нас барсан 5 иргэн майхандаа ХИЙН ХАЛААГУУР асаасан байжээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр загасчлахаар явсан таван иргэн угаартаж, нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын “Естийн халуун рашаан” гэдэг газар таван хүн угаартаж нас барсан тухай мэдээллийг тус аймгийн онцгой байдлын газарт, аймгийн Цагдаагийн байгууллагаас өчигдөр өдрийн 14:16 цагт хүргүүлжээ.

Улмаар Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, Улаанбаатаар хотоос эмнэлгийн байгууллагын ажилтнууд, талийгаач нарын ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний Жанжин штабын “МИ-171Е” загварын нисдэг тэрэгтэй Естийн халуун рашааны чиглэлд хөөрч, зорчин явсан 13 хүнийг буулгажээ.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, Хан-Уул дүүргийн 11-р хороонд оршин суух хаягтай 33 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй О, 36 настай эрэгтэй Б нарын таван иргэн майхан дотор ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Одоогоор дээрх хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа ба урьдчилсан байдлаар майханд асаасан байсан хийн халаагуураас хий алдагдаж, улмаар угаартсан гэж үзэж байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өнгөрөгч амралтын өдөр нийт гурван автомашинтай арван хүн Төв аймгийг зорин явсан гэх бөгөөд тав, таваараа хуваагдан унтсан байжээ. Гэтэл майханд унтаж байсан таван иргэн ийнхүү золгүйгээр нас барсан байна.

Exit mobile version