Эдийн засаг
Хүнсний нөөц хэвийн байгаа тул САНДРАХ ШААРДЛАГАГҮЙ гэв
Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд 14 хоног хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг өчигдөр /2020.12.21/ гаргасан.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цар тахлын эрсдэлт нөхцөл байдалтай байгаа энэ үед хүнсний хангамжийн хувьд нөөц хэвийн, сандрах зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг 1 хоногийн нөөцтэй байна.
Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад иржээ. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа ажээ.
Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд сайд З.Мэндсайхан хариулахдаа “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэллээ.